“ХХ зууны нууц” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Британийн биологич, 2012 онд Нобелийн анагаахын салбарын шагналыг хүртсэн Жон Гёрдоны хэлснээр хагас зуун хүрэхгүй хугацааны дараа гэхэд эрдэмтэд хүнийг амжилттай хувилж чаддаг болох гэнэ. Энэ бол тун богино хугацаа.
Мэдээж клоны аргаар хувилах нь ойр дотныхноо болон хүүхдүүдээ алдсан хүмүүст тустай. Нас барсан хүний “ихэр”-ийг гарган авахын тулд ердөө л түүний арьсны нэг хэсэг, бас өндгөн эс хэрэгтэй. Гэхдээ үхсэн хүнийг хувилах ямар шаардлагатай гэж.
Гёрдоны нөр их хөдөлмөрийн ачаар хүн төрөлхтөн Долли хэмээх алдарт хонийг дахин хувилж чадсан. Гэвч Америкийн биологич Рудольф Жениш, Риузо Янагимачи нар өнөөдрийг хүртэл клоны аргаар гаргаж авсан амьтдад генетикийн доголдол байсаар ирсэн тухай дүгнэлт гаргажээ.
Тухайлбал амьтдын ихэнхэд нь тусгай генийн механизм нь алдагдсан байжээ. Тиймээс ч клоны аргаар гаргаж авсан амьтадын дархлаа илүү сул байдаг. Токиогийн үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгийн ажилтнууд оготно дээр туршилт явуулж үзжээ. Ингэхдээ тэд клоны аргаар хувилж авсан 12, байгалийн жамаар төрсөн 12 оготныг судалгаандаа ашигласан байна. Клоны аргаар гаргаж авсан 10 оготно 800 хонолгүй үхсэн аж. Гэтэл энгийн оготноос энэ хугацаанд нэг нь л үхжээ.
Амьтдын үхлийн шалтгаан нь ихэнхдээ уушги, элэгний өвчлөл их байв. Клоны аргаар гаргаж авсан амьтдын дархлааны систем халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эсрэг биетийг хангалттай хэмжээгээр гаргаж авах чадваргүй нь эндээс тогтоогдсон юм.
Харин хүнийг клоны аргаар хувилж авбал илүү таагүй үр дагавар учрах магадлалтай. Оросын шинжлэх ухааны академийн молекулын генетикийн хүрээлэнгийн орлогч захирал Вячеслав Тарантулын тэмдэглэснээр өнөөг хүртэл гаргаж авсан клоны 99 хувь нь янз бүрийн гаж хөгжилтэй байжээ. Долли нэртэй хонийг дахин гаргаж авахын тулд 300 үр хөврөл суулгаснаас бүгд үхэх буюу дутуу хөгжилтэй төрж байсан тухай баримт байдаг.
Доллигийн хувилбаруудад аажмаар янз бүрийн өвчин тусах буюу эрт хөгшрөх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Тиймээс В.Тарантулын үзэж байгаагаар клоны аргаар гарган авсан хүн 30 нас хүрэхэд л хөгширсөн нэгэн болж хувирах гэнэ. Оросын шинжлэх ухааны академич Лев Киселев “Клоны техник 2-3 хувийн л үр дүнтэй. Өөрөөр хэлбэл клон тээж буй 200-300 эмэгтэйн нэг нь л бүрэн гүйцэд үр хөврөл тээх магадлалтай гэсэн үг” гэжээ.
Клоны аргаар гаргаж авсан хүүхэд хэнд хэрэгтэй вэ
Дээрх асуудлуудыг эрдэмтэд шийдлээ гэж бодъё. Тэгвэл клоны аргаар хүүхэд гаргаж авах арга нь ёс зүйн хувьд хэр нийцтэй вэ. Гёрдоны хэлж байгаагаар хүн төрөлхтөн ийм бүтээлийн үр дүнг хараад л клоны аргыг толгой дохин хүлээн зөвшөөрөх гэнэ.
Профессор Гёрдон оюутнуудын дунд санал асуулга явуулжээ. Тэрбээр “Хүүхэд нас барсан тохиолдолд клоны аргаар хувилбал ямар вэ” гэсэн асуулт тавихад асуулгад оролцогсдын 60 хувь нь “Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эцэг эхийн хүсэлтээр л хувилж болно” хэмээн хариулжээ. Олон судлаачийн үзэж буйгаар байгаль дээр яг ижилхэн гентэй, хоёр адилхан хувилбар байх боломжгүй гэнэ. Мэдээж клоны аргаар гаргаж авсан хувилбар гаднаасаа оргинальтайгаа ив ижилхэн байж болох ч дотоод байдлаараа эрс тэс ялгаатай.
Үүнээс гадна шинэ хувилбар нь оригиналийнхаа ой санамжийг тээхгүй. Өөрөөр хэлбэл огт өөр хүн байх учраас ийм үйлчилгээг авсан хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай. Тиймээс клоны аргаар хүн хувилах асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй.
Орлуулагч эсүүд
Уг нь клоноор хувилах аргад нэг давуу тал бий. Энэ аргыг мэдсэнээс хойш хүн төрөлхтөн эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор клоныг ашиглахын сайн, муугийн талаар маргалдах болсон. Орегоны эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд саяхан лабораторийн нөхцөлд анх удаа бүрэн бүтэн хүний үр хөврөл гарган авчээ. Энэхүү үр хөврөлийг тулгуур эс гарган авахад ашиглах төлөвтэй байна.
Ийм үр хөврөл гарган авахын тулд оргиналь хувилбарынх нь арьсны хэсэг, эрүүл эмэгтэйн донор өндгөн эс хэрэгтэй. Өндгөн эсээс ДНК-г ялган авч, дотор нь арьсны эсийн нэг хэсгийг суулгана. Үүний дараа эсийг цахилгаан хүчдэлд холбож, хуваана. Зургаа хоногийн дараа эндээс үр хөврөл гарч, тулгуур эс авах боломж бүрдэнэ.
Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү технологийн тусламжтайгаар Альцгеймерийн өвчин, тархины янз бүрийн эмгэг зэрэг хүнд өвчнийг анагаах боломжтой гэнэ.
Саяхныг хүртэл клоны аргаар гаргаж авсан үр хөврөлийг тээхийн тулд заавал тээгч эх ашигладаг байсан юм. Харин одоо лабораторийн нөхцөлд клон гаргаж авах боломжтой болжээ.
Клоныг эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор ашиглаж болох уу
Гэсэн хэдий ч энэхүү ээлжит нээлтийг олон эрдэмтэн хүн төрөлхтөнд аюул учруулахуйц зүйл боллоо гэж үзэж байна. Учир нь хүмүүсийг ямар ч хяналтгүйгээр хууль бусаар хувилах магадлал өндөр болно.
Сүүлийн үед клоны аргаар гаргаж авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах, тэднийг эрхтэн шилжүүлэн суулгахад ашиглаж буй тухай өгүүлсөн уран зөгнөлт ном зохиол, кино олноор гарах болсон.
Эрхтнээ шилжүүлэх донор хүн төрөлхтний гол асуудлын нэг байсаар байна. Харин донорын зорилгоор клон гаргаж авбал хүмүүс өвчтэй эрхтнээ эрүүлээр солих боломж өснө гэсэн үг. Тэр тусмаа өөрийнхөө ижил хувилбараас эрхтэн авбал хамгийн тохиромжтой. Одоохондоо бүхэл бүтэн хүн хувилж авах тухай биш, үр хөврөлийн талаар ярьж байгаа боловч зарчмын хувьд хүн болгох бүрэн боломжтой юм.
“Арал” хэмээх уран зөгнөлт зураг дээр хожим нь эрхтнийг нь авахын тулд клоны аргаар гаргаж авсан хүмүүсийн бүхэл бүтэн суурингийн талаар дүрсэлсэн байдаг. Түүнчлэн Казуо Ишигүрогийн “Намайг бүү орхи” хэмээх кинонд клонууд багаас нь донор болгоход чиглүүлж, тусгай сургуульд сургадаг тухай гардаг.
Бодит амьдрал дээр ийм зүйл болох боломжгүй. Яагаад гэвэл дэлхийн нэг ч оронд амьд хүмүүсийг анагаахын зорилгоор хөнөөх хууль байдаггүй. Гэхдээ шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, дэлхий ертөнц хүссэн ч, эс хүссэн ч өөр болж байна. Тиймээс клоны аргаар хувилахтай холбоотой судалгаанууд цаашид ч хийгдэж л таарна. Харин эдгээр судалгаа хүн төрөлхтнийг юунд хүргэх нь одоо ч нууц хэвээр байна.
Э.Мөнхзаяа