Энэтхэгт Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2014-2015 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ.

Сургуулиуд 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас өмнө албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БШУЯ-нд ирүүлнэ.Тэтгэлэгт сургалтад хамрагдах иргэд нь ЕБС-д физик, хими, математикийн хичээл үзэж, амжилттай дүнтэй төгссөн байх ёстой.

Магистрын сургалтад бакалавр зэрэгтэй, докторын сургалтад магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй бөгөөд дипломын голч дүн 3.0 ба түүнээс дээш байна. 2014 оны 1 дүгээр сарын 18, 19-ны өдрийн 10.00-16.00 цагт МУИС-ийн Төв байрны 219 дугаар өрөөнд бүртгэх бөгөөд бүртгүүлэгч нь иргэний үнэмлэх болон бакалавр/ магистрын диплом, дүнгийн жагсаалтыг эх хувийг хуулбарын хамт, мөн ажил байдлын тодорхойлолт авч ирнэ. Шалгалтын хураамж 10000 төгрөг болно.

Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Бичгэн шалгалтад амжилттай дүн үзүүлсэн 80 хүн ярилцлагад орох ба ярилцлагын дүнд 40 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.     Нийт тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэлний, бакалавр, магистрын сургалтад хамрагдахыг хүсэгчдээс мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхрын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтад ороход иргэний үнэмлэх шалгана.

Энэтхэгийн их, дээд сургуулийн сургалт англи хэл дээр явагдах учир тэтгэлэгт хамрагдагчдын англи хэлний мэдлэг сайн байх шаардлагатай. Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгч, хангалттай оноо /TOEFL 550, IELTS 5.0/ авсан иргэдийг англи хэлний шалгалтаас чөлөөлнө.

Англи хэлний болон мэргэжлийн шалгалтыг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээс хамаарч мэргэжлийн шалгалтыг “математик” эсвэл “хими”-ийн аль нэгээр өгнө.
Шалгалтын дүнг 2014 оны 1 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны зарлалын самбарт гаргана. Хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсаан хамгийн өндөр оноо авсан 80 хүнийг ярилцлагад оруулна. Ярилцлагыг Элчин сайдын яамнаас 2014 оны 2 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах ба ярилцлага англи хэл дээр явагдана.

Элчин сайдын яам ярилцлагад тэнцсэн 40 хүнийг Энэтхэгийн их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчид Элчин сайдын яаманд хандан Энэтхэгийн их, дээд сургуулиудад элсэх гарын авлагатай танилцаж, зөвлөгөө авах боломжтой.

Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргах ба шийдвэр хүлээн авсан хүмүүст Энэтхэгийн Засгийн газраас сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно.Замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.         
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …