Монголын хөрөнгийн зах зээл энэ жилээс хөгжлийн шинэ шатанд гарна гэж олон хүн ажиглаж байгаа. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр боловсруулагдан батлагдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруултай ярилцлаа.
-Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зургаан хуулийн хамгийн чухал нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь нийгэмд нэлээд хүлээлт үүсгэсэн хууль байсан бололтой?
-Бид энэхүү хуулийг боловсруулахдаа олон улсын зарчмыг баримталж, аль болох ашигтай гэсэн хувилбарыг сонгож авсан. Тийм ч учраас УИХ-аар орохдоо ч нэг их шүүмжлэл дагуулаагүй. Нийтлэг зарчмыг нь сайн тодорхойлоод, нарийвчилсан журмуудыг нь Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хамтран боловсруулсан. Өнгөрсөн сард л гэхэд Үнэт цаасны тухай хуультай холбоотой 20 гаруй журмыг шинээр боловсруулан баталлаа. Харин одоо томоохон хоёр журмыг энэ сард батлан мөрдүүлэх ажил үлдсэн.
-Ямар журмууд батлагдаагүй байгаа юм бэ?
-Кастодиан банкны зохицуулалт, Бүртгэлийн журмыг шинээр боловсруулсан. Бүртгэлийн журам үнэхээр чухал. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд үнэт цаасыг шинээр зах зээлд гаргахын тулд ямар шаардлагыг хангасан байх талаар нарийвчилсан зохицуулалт хийсэн. Олон нийтээс хөрөнгө босгох учраас тайлагнах процессыг нь маш ойлгомжтой болгосон. Тайлагналын загварыг ч Европын зах зээлээс нэвтрүүлж байгаа.
Түүнээс гадна энэ зах зээлд шинээр нэвтрүүлж болох санхүүгийн хэрэгслүүдийг нэмсэн. Одоогийн байдлаар манай бирж дээр зөвхөн бонд, хувьцаа арилждаг. Тэгвэл одоо фьючерс, опцион, ИТФ буюу бирж дээр арилжих хөрөнгө оруулалтын сан гэх мэт илүү боловсронгуй, мэргэжлийн зах зээлд хэрэглэдэг санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүллээ. Биржээс гадуурх бусад байгууллагуудын гэрээнүүд дээр энэхүү нэр томъёог хэрэглээд эхэлсэн учраас хуульд нарийвчлан суулгасан. Мөн хадгаламжийн бичиг гэх шинэ ухагдахуун орж ирсэн. Энэ аргыг ихэвчлэн ТУХН болон БНХАУ-ын компаниуд гадаадын зах зээлд гарахын тулд ашигладаг юм. Өөрөөр хэлбэл манай бирж дээр арилждаг “АПУ”, “Таван толгой” зэрэг компаниуд өөрийнхөө хувьцааг кастодиан банкаар дамжуулан түүнд тохирсон хадгаламжийн бичиг гарган гадаадын зах зээл дээр арилжиж болно гэсэн үг.
-Мэдээж хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг найдвартай гүйцэтгэхийн тулд кастодиан банк хэрэгтэй. Гэвч манайд энэ бол цоо шинэ ойлголт. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал?
-Кастодиан гэдэг нь харилцагчийн үнэт цаасыг бүртгэн, үнэт цаасны эзэмшлийн хууль эрх зүйн баталгаа гаргаж өгөх чиг үүрэг бүхий санхүүгийн байгууллага юм. Хөрөнгө оруулагчид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд шууд дансаа нээлгэж, үнэт цаасаа хадгалдаг бол, кастодиан банкууд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хөрөнгө оруулагчид энэ банкинд үнэт цаасаа номиналь болон бенефициар түвшинд бүртгүүлэх, харилцагчдын үнэт цаасыг нэгтгэсэн байдлаар ҮЦТТТХТ-д хадгалах зарчимд шилжих юм.
Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид үнэт цаасаа кастодиан банкинд зайлшгүй хадгалах шаардлага тавьдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдыг татахын тулд кастодиан банкууд үйл ажиллагаагаа явуулж эхлэх шаардлагатай байгаа. Кастодиан банкны зохицуулалтын тухай журам Санхүүгийн зохицуулах хороогоор энэ сард батлагдсаны дараа кастодиан банкны үйлчилгээ хөрөнгийн зах зээлд нэвтэрнэ гэж ойлгож болно.
-Кастодиан банкны үйлчилгээг ямар аж ахуйн нэгжүүд үзүүлэх вэ?
-Манай арилжааны банкууд кастодиан банкны үйлчилгээ явуулж болох юм. Гэхдээ мэдээж Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох тусгай зөвшөөрөл авсан байх ёстой.
-Иргэд хувиараа хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох нь ховор. Тийм боломж ч бараг байдаггүй. Энэ асуудлыг шинэ хуулийн хүрээнд шийдэж чадсан уу?
-Тийм ээ. Дэлхийн бусад орны хөрөнгийн зах зээлд ч гэсэн иргэд биечлэн оролцох нь ховор. Ихэвчлэн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хөрөнгө оруулалтаа хийх бөгөөд энэхүү шинэ зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар үндсэндээ шийдсэн гэж хэлж болно. Тодруулбал, иргэд тодорхой хэмжээний хуримтлалаа санд байршуулж, харин иргэдийн өмнөөс сан нь арилжаанд оролцож хувьцаанд хөрөнгө оруулалт хийнэ.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зах зээлийн холбоо зэрэг байгууллага оролцсон.
-Монгол Улсад хөрөнгийн сан олон бий. Тэдгээр сангаас ямар нэгэн байдлаар ялгаатай байх уу?
-Ерөнхийдөө Хөрөнгө оруулалтын сан нь хоёр төрлийн хэлбэртэй байхаар заасан. Хамтын болон мэргэшсэн хөрөнгө оруулалтын сангууд гэж байгаа. Хамтын сан дотроо нээлттэй болон хаалттай гэсэн зарчмаар явна. Ажлын хэсэг хуулийн төслийг гаргахдаа олон улс орны хуулийн төслийг судалсан. Жишээлбэл Европын улс орнууд, АНУ, Япон мөн Польш зэрэг улс орнуудын зах зээлийг харсан. Тэгэхээр эдгээр зах зээлийг судалсны үндсэн дээр АНУ-ын хувилбар нь хамгийн боломжит гэдэг дүгнэлтэд хүрсэн. Учир нь 1924 онд анх сангаа байгуулсан АНУ-ын хувьд тус зах зээл нь нийт 16 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Энэ зах зээлийн дийлэнхийг мэдээж хамтын сангууд эзэлж байгаа.
Монголын энэ зах зээл, Америкийн зах зээлтэй харьцуулахад адилхан урсгалаар явж байна. Анх Хадгаламж зээлийн хоршоо гэж үүсэн байгуулагдаж байсан. Энэ нь дампуураад, тодорхой хэмжээний хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан гашуун туршлага бидэнд бий. Энэ алдааг давтахгүйн тулд маш нарийн зохицуулалтуудыг суулгасан.
Хөрөнгө оруулалтын сан мэдээж удирдлагатай, нэгдсэн бодлоготой байх ёстой. Мөн үүнийг зохицуулах этгээд буюу Санхүүгийн зохицуулах хороо гэж байна. Түүнчлэн, Хөрөнгө оруулалтын сангийн найдвартай, эрсдэлгүй байдлыг хангах кастодиан банкинд тухайн сангийн хөрөнгө нь байрших ёстой гэсэн гол зарчим үйлчилнэ. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын сангийн хувьд эрсдэл багатай, оновчтой бодлого хэрэгжүүлэх үндэс нь үүссэн гэж хувьдаа үзэж байна.
-Та бүхний энэ их ажлын үр дүн хэзээ гарах вэ?
-Монголд гадаадын хөрөнгө оруулалт харьцангүй зогсонг байдалд орсон энэ цаг үед манай биржээр дамжуулан хоёр компанийн IPO хийгдэж, 40 тэрбум төгрөг босгох бүх шийдвэр гарсан. “Бэрин майнинг”, “Мерикс” гэсэн хоёр компани байгаа. Эдгээр компанийн араас гадаадад арилждаг олон компанийн IPO хийгдэх байх. Одоогоос холбогдоод, давхар бүртгэлийн шугамаар хийгдье гэсэн саналууд ихээр орж ирсэн байгаа.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын хөрөнгийн бирж, түүний удирдлагын баг багагүй ажил хийсэн нь илт харагдаж байна. Гэвч та бүхнийг ажлаа өгөх гэж байна гэсэн яриа бий. Үүн дээр тайлбар өгнө үү?
-Монголын хөрөнгийн зах зээл 22 жил болохдоо зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд, иргэд л оролцдог арилжаатай байлаа. Бид үүнийг өөрчилж, дэлхий ертөнцтэй холбох ажлыг эхлүүлээд үндэс суурийг нь амжилттай тавьчихлаа гэж бодож байгаа. Интернэт арилжааг ч орууллаа. Манай улсад гадаад валют, гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа бөгөөд тэр гадаад валют оруулж ирэх нэг зам нь хөрөнгийн зах зээл юм.
Өдгөө хууль эрх зүй, журам дүрмээ маш тодорхой болголоо. Үргэлжлүүлэн дэд бүтэц, боловсон хүчнээ сайжруулах гээд шаардлагатай бүх ажлаа амжуулсан. Ирэх долоо хоногоос Х.Алтай захирал бид хоёр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болно.
-Тэгвэл Хөрөнгийн биржийн дараагийн удирдлагууд тодорхой болжээ дээ?
-Хөрөнгийн бирж нь төрийн өмчийн хувьцаат компани учраас Төрийн өмчийн хороо асуудлыг шийдвэрлэх байх.
-Ярилцсанд баярлалаа.