Манай улсын иргэн 25 настай, Н.Энхтуяа гэгч эмэгтэй өнгөрсөн оны 11-р сард учир битүүлгээр амиа алдсан билээ.
Эл хэрэгтэй холбогдуулан талийгаачтай Малайз улс руу анхлан хамт явсан гэх найз залуу Т болон талийгаачийг худалдсан гэх Малайзад хамт амьдарч байсан ихэр охидын нэг Г нарыг ЭЦГ, УМБГ хамтран шалгаж байгаа юм. Тэгвэл тэднийг уг хэрэгтэй холбогдолтой нь нотлогдоогүй тул ирэх долоо хоногт хэргийг хааж магадгүй гэнэ.
Сонирхуулахад, талийгаач бүсгүйн ар гэрийнхэн болон ГХЯ-ны төлөөлөгчид Малайз улсад очин хэргийн газар, мөрдөх ажиллагаатай танилцаж Э-ийн цогцсыг эх оронд нь авчираад байгаа юм. Түүнийг гадны нөлөөгөөр амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг Малайзын цагдаагаас нэгдүгээр сарын сүүлээр хариу ирүүлэх аж. Юутай ч урьдчилсан байдлаар Малайзын цагдаагийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон байж болзошгүй хэмээгээд байгаа юм.
Харин Малайзад очоод ирсэн Э-ийн ар гэрийнхэн “түүнийг дөрвөн Малайз залууд зэрлэгээр зодуулж, амиа алдсан. Мөн үүнийг нь өөрийгөө боомилсон байсан гэх захын худалдаачид болон захын жижүүр харсан” тухайгаа ярьсан гэдгийг мэдээллээд байгаа юм.