Английн шигшээ баг болоод Ливэрпүүлийн довтлогч Даниэл Старриж бэртлээсээ эргэн ирж мэргэн буучдын өрсөлдөөнд өөрийн нэрээ дээшлүүлж, топ 4-н эгнээнд багаа оруулахаар тэмцэхэд бэлэн болж байна. Бэлтгэлийнхээ дундуур тэрээр Рожэрс өөрийг нь олон жилийн турш ажиглаж байсныг сонсоод гайхсан тухайгаа ярьсан юм. Ливэрпүүлийн төлөөх 30 тоглолтондоо 22 гоолыг жилийн хугацаанд оруулаад буй тэрээр энд ирээд яг 12 сар 7 хоног болж байна.
“Анх би Рожэрстой Манчэстэр Ситид байхдаа уулзаж байсан. Залуучуудын цомд Чэлси манайхтай тааран тоглож, манай баг тэднийг хожсон. Энэ талаар дурсахад маш сайхан мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл би тэдний эсрэг талбайн төвөөс гоолдож байсан юм. Түүнийг минь хүртэл тодхон санаж байгааг нь сонсоод би маш их гайхсан. Тэгэхэд би дөнгөж 16 настай байсан юм.”
“Тухайн үед би түүнийг манай эсрэг талыг дасгалжуулж байсныг мэдээ ч үгүй байсан. Намайг бага байхаас минь хойш ажиглаж байсныг сонсоод сайхан сэтгэгдэл төрсөн. Рожэрс бол талбай дээр болоод талбайн дотор гайхалтай хүн. Тактикийн талаархи яриа болоод жижигхэн зүйлс дээр анхаарлаа их хандуулдаг нь надад таалагддаг юм. Мөн тамирчдыг дотор талаас нь харах гэж хичээдэг”
“Тэр эсрэг багаа бүхэлд нь судалж, аливаа зүйлийн дотоод талыг судалдаг. Надад үргэлж итгэдэгт нь би үргэлж баярладаг. Миний энд ирсэн шалтгаануудын нэг Рожэрс байсан ч гэсэн хамгийн гол зүйл бол Ливэрпүүл гэдэг клуб өөрөө байсан юм.”
Стэмфорд Брижийг Анфилдаар сольсны дараа Старриж өөрийнх нь байнга хүсч байсан боломж нээгдсэн талаар ингэж ярилаа.
“Агуу хөгжөөн дэмжигчид, гайхалтай тамирчид энд байсан учраас Ливэрпүүлд ирэхдээ эргэлзээгүй. ‘Би тэнд очих хэрэгтэй юу’ гэж бодлоос илүү ‘Хэзээ очих боломжтой бол’ гэсэн бодол төрж байсан. Ингээд хүлээж хүлээж эцэст нь миний төлөө санал тавихад шууд нисээд очмоор санагдсан”
“Би шинэ зүйлийг эхлэж, өөрийн замналдаа шинэ адал явдал нээхийг хүссэн юм. Надад талбайд гарах минут юу юунаас илүү дутагддаг байсан. Эцэст нь би өөртөө хамгийн тохирох газартаа ирсэндээ баяртай байна. Ливэрпүүл намайг сонирхож байгаа гэсэн дохиог сонсоод эргэлзээгүй. Одоо та бүхэн намайг ямар аз жаргалтай байгааг харж байгаа болов уу. Бид бүгд Брэнданы заасан зам өөд алхаж явна. Би өөрийгөө Ливэрпүүлийн чухал хэсэг гэдгийг мэдрэх гайхалтай байдаг.”
Халл Ситиг 2-0 харьцаатай хожиж, Топ 4-н байраа эргүүлэн авсан Ливэрпүүл, ФА цомд мөн өрсөлдөгчөө хожсон. Аваргуудын лигийн түүхээ үргэлжлүүлэн бичихээр тоглож буй Ливэрпүүлд Старриж сайн тоглолтоороо тус үзүүлэхийг хамгаас хүсч байгаагаа мөн дурьдсан.
“Аваргуудын лигт эргэн орвол үнэхээр гайхалтай байх болно. Ливэрпүүл хамгийн сүүлд энэ тэмцээнд орсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна гэдэг бол үнэхээр урт хугацаа. Шинэ аргачлал, шинэ арга барилаар шинэ дасгалжуулагчдаар удирдуулан ажиллаж байна. Лигт олон олон итгэмээргүй үр дүнгүүд гарсаар байна. Тиймдээ ч одоо лиг үнэхээр ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа байх.”
“Бид сайн эхлэлийг тавьж чадсан. Одоо үүнийгээ үргэлжлүүлэх ёстой. Зарим хүмүүсийн хэлж байгаачлан Европын тавцанд тоглохгүй байгаа нь давуу талж болж байгаа нь үнэн. Урт улиралд бусдаас цөөн тоглолт хийж байгаа учир мэдээж энэ бол давуу тал. 5-р сар гэхэд хүссэн түвшиндээ очсон байх болно гэж найдаж байна. Харин хувь тамирчин талаасаа бүтэшгүй оргилд хүрэх гэж хичээхгүй. Зүгээр л илүү сайжрахыг хүсч байна. Хэрэв би улам сайжирч чадвал дэлхийн аваргад оролцож чадна. Өнгөрсөн 1-р сард надаас энэ талаар талаар асуусан бол би Бразил явах Английн шигшээн онгоцонд багтвал гайхалтай байх болно гэж хэлэх байсан байх” гэжээ.
Л.Оюу-Од ливерпүүлфс.мн