Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг УИХ саяхан шинэчлэн баталсан. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.
-Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг батлан гаргаснаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа хөгжих бололцоо нээгдсэн гэж ойлгож болох уу?
-Ямартай ч олон улсын жишигт нийцсэн Үнэт цаасны зах зээлийн хуультай боллоо. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт үнэт цаасны зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг нээж өгч байгаа юм. Хоёрдугаарт, Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгож, тэр компанийнхаа хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах бололцоо нээгдсэн.
Нэг жишээ дурьдахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын бирж дээр бүртгэлтэй 43 компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 18 их наяд төгрөг байгаа. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дөнгөж 1.7 их наяд төгрөг байна.
Шинэ хуулиар эдгээр 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах боломж нээгдсэнээр бидэнд маш их үр өгөөжтэй болох юм. Түүнээс гадна өөр олон чухал ач холбогдолтой.
Товчхон хэлэхэд энэ хууль батлагдсанаар монголын хөрөнгө оруулагчид, хадгаламжид мөнгөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгсөн гэж тодорхойлж болно. Ерөнхийдөө манай иргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бололцоо нь үнэт цаасны зах зээл юм.
-Өнөөдөр манай банк, санхүүгийн салбар аль хэр найдвартай, өдөр тутмын үйл ажиллагаа нь ер нь ямархуу байдалтай байдаг юм бол?
-Манай улсын санхүүгийн салбарын 96-98 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө зөвхөн арилжааны банкуудад эргэлдэж байна. Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөгт хүрсэн.
Тэгвэл банкны салбарын нийт актив 10 их наяд төгрөг байна. Харин хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ маань 1.7 их наяд байгаа гэж түрүүн хэлсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 12 хувь орчим, санхүүгийн салбарын нийт активын 15 хувьд ч хүрэхгүй байгаа нь үнэхээр чамлалттай тоо.
-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Түүнд инфляцийг зургаан хувьд хүргэхээр тусгасан байсан. Ингэж огцом буулгах бололцоотой хэрэг үү?
-Түр зуур гал унтраах байдлаар богино хугацаанд инфляцийг шууд багасгах нь ихээхэн уршигтай. Төрийн зүгээс механикаар инфляцийг зохицуулах нь бид өөрсдийн гараар унах нүхээ ухаж байгаатай л адил хэрэг. Төр өөрөө асар их хэмжээний хөрөнгө гаргаад зах зээлийнхээ жамаар явж байгаа эдийн засгийн бодит салбар руу хөндлөнгөөс оролцож, үнийг зохицуулах гэж оролдох нь үндэсний компаниудынхаа өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх муу үр дүнтэй.
Энэ онд Засгийн газар, Монголбанк хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. 2016 оныг дуустал жил бүр ийм хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, инфляцийг бууруулна гэж тооцоолж байгаа бол маш өндөр өртөгтэй, дээр нь ихээхэн эрсдэлтэй шийдвэр болно.
-Хэдхэн хоногийн өмнө Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль батлагдлаа. Гэтэл сүүлийн үед Монгол Улс олон улсын хар дансанд ороход ойртож байгаа талаар шуугих болсон. Тусгаар тогтносон, ардчилсан улсыг энэ дансанд оруулах хууль эрх зүйн үндэслэл байдаг юм уу?
-Энэ хуулийг хэлэлцэх явцад бидний огт сонсоогүй олон хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан. Ер нь бол мөнгө угаах, хүн худалдаалах шинжтэй гэмт хэргүүд монголд нэлээн их гарсан юм билээ. Нийгэмд үүссэн томоохон хэргүүд эзэн, холбогдогчгүй үлдэх нь их байгаа. Бид байтугай дэлхий нийт сонсож, мэдсэн мөнгө угаасан томоохон хэрэг бэлээхэн байж л байна.
Ингэхээр ийм төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоох хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсноор энэ хууль батлагдан гарлаа. Гэхдээ энэ хуульд зайлшгүй эргэж харууштай зүйл, заалт байгаа. 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ болгоныг нягтлан шалгана гэвэл өнөөдөр Эрээн рүү гарч байгаа захын нэг наймаачныг шалгах хэрэгтэй болно.
Бас нэг сөрөг тал нь банк санхүүгийн салбарт амжилттай нэвтэрсэн картын ашиглалт багасан бэлэн мөнгөөр тооцоо хийх нь ихэсч, тэр хэрээр бохир мөнгө буюу далд эдийн засаг сэргэчих вий гэсэн болгоомжлол байгаа юм.
-Өнгөрсөн даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хурал дээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэх шинжтэй болчихлоо гэдгийг нэлээн нухацтай ярилцах шиг болно лээ. Үүнээс гарах ямар гарц, арга зам байж болох вэ?
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Гол зорилго нь Монгол Улсын эдийн засаг санхүүгийн гадаад, дотоод орчин ямархуу байна, эдийн засгийн хямрал нүүрлэх бодит аюул байна уу, хэрвээ үүссэн бол энэ хямралыг ямар арга замаар хохирол багатай даван туулах вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршиж байсан.
Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр МАН-ын сануулаад байсан эдийн засгийн хямрал бодитойгоор үүсчихээд байгааг УИХ-д танилцуулсан. Эдийн засгийн өсөлт буурч, экспорт зогсчихлоо. Экспортын орлого маш их буурсан. Энэ нь эргээд төсвийн эх үүсвэр ихээхэн хумигдах нөхцөлийг үүсгээд байгаа.
Хөрөнгө оруулалтын орчин маш их муудаж байна. Олон компани бизнесээ зогсоогоод монголоос гарч байна. Оюу толгойгоос эхлээд уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орчихлоо. Таван толгой бүтэн таван сар зогссоны эцэст саяхнаас хөдөлсөн ч маш их өрөнд уначихсан. Төмөр зам, Сайншанд гээд том бүтээн байгуулалтын ажлууд өнөөдрийг хүртэл эхлээгүй л байгаа.
Одоо энэ хямралаас яаж хохирол багатай гарах вэ гэдэгт л бүгдээрээ нийлээд оюун санаагаа уралдуулах шаардлагатай болчихоод байна. Татвар, хөрөнгө оруулалтынхаа орчинг эн тэргүүнд сайжруулах ёстой. Энэ бүх хүндрэл бэрхшээлээс гарахын тулд давын өмнө УИХ, Засгийн газар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байна.
-Та УИХ-д орж ирээд багагүй хугацаа өнгөрүүллээ. Яг юу хийж амжуулав. Тоймтойгоос нь дурдвал?
-Энэ хугацаанд хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Нэлээн хэдэн хууль батлууллаа. Хамгийн сүүлд л гэхэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль дээр эхнээс нь ажиллаж батлуулсан. Мөн 20-иод жил хэрэгжүүлсэн өмч хувьчлалын асуудлыг эргэж нухацтай авч үзэх цаг нь болсон.
Өнөөдөр хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа 300 гаруй нээлттэй, хувьцаат компанийн нэлээд хэсэг нь үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа. Давын өмнө эдгээрийг цэвэрлэх ёстой. Хоёрдугаарт үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид байж гэмээнэ энэ зах зээл ном журмын дагуу оршин тогтнодог. Энэ талаар ихээхэн хөөцөлдөн ажиллаж байна. Саяын хууль батлагдсанаар эрх зүйн орчин нь тодорхой болсон.
Сүүлийн үед газрын харилцааны тухай, албан бус хөдөлмөр эрхэлж байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн асуудлыг зохицуулах талаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр нэлээн цаг зараад сууж байна.
Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд нэлээн үр бүтээлтэй ажилласан гэж бодож байгаа шүү.
Эх сурвалж: