Аль ч гэр бүл, тэр тусмаа эмэгтэйчүүд хоногийн чамгүй хувийг гал тогоондоо өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл гал тогооны өрөө гэрийн эзэгтэйн хувьд хамгийн тав тухтай эвтэй тохилог орчин байх учиртай.
Хоол бэлдэхэд сав суулга, хутга, комбайн гээд бүх зүйлс гарын дор байх шаардлагатай. Гэтэл ихэнхи эзэгтэй нар нэг хутга хайгаад хамаг юмаа онгичих нь бий. Гал тогооны тавилга эмэгтэй хүний хэрэгтэй зүйлээ олоход хамгийн сайн туслагч байх ёстой. Тэгсэн цагт хоол амттай болно.
Ашигтай зөвлөгөө:
Гал тогооны тавилга голдуу ком хэлбэрээр зарагддаг. Шалан дээр байрлах шүүгээнүүдийн хувьд 60 см-ээс дээшгүй өндөртэй байх аваас эмэгтэй хүн дотроос нь ямар нэг зүйл олох гэж төвөг учирдаггүй. Тэр тусмаа шүүгээний шургуулгууд хэрэгтэй зүйлээ хамгийн хурдан олох зориулалттай тул жижиг овортой зүйлсийг энд л хадгалбал зохино. Шургуулганд хадгалах зүйлсийн жагсаалтыг хоол амтлагчууд тэргүүлдэг. Харин сав суулгыг бол хоёр хаапгатай шүүгээнүүдэд хийвэл багтаамж сайн болно. Шүүгээний доод талын шургуулганд поднос тавиуруудыг хийх нь зөв байдаг.
Гал тогооны өрөөний ширээ хичнээн том байлаа ч талбай дандаа дутдаг гэж тогооч нар ярьдаг. Ширээн дээр мах гурилын мод, хутга, алчуур, ногоо, мах, гурил хөглөрнө. Аль хэдийн хоолоо хийж эхлэх цаг болчихоод байхад та ширээ эмхлээд л зогсож байдаг. Энэ бүх ажлын дараа хоол хийх нь таны хувьд там шиг л санагдана. Гэтэл гал тогооны ширээн дээр зай хүрэлцэхгүй байх нь гал тогооны өрөөний тавилгыг буруу сонгосонтой холбоотой байдаг. Орчин цагийн гал тогооны тавилгын хувьд өлгөдөг шүүгээнүүд дотроо олон тооны тавиур, өлгүүр дэгээ агуулж байдаг учир энэ асуудал үгүй болж байна. Гагцхүү хамгийн орчин цагийн, хэрэглэгчийнхээ төлөө хийгдсэн тийм тавилгыг л сонгох ёстой. Хэрэв иж бүрэн ийм тавилга авсан тохиолдолд ширээ цэвэрлэх асуудал аяндаа үгүй болдог. Хоол амтлагч, хутганы сав, аяга таваг хатаагч, элдэв жижиг савнууд өрөх тавиуруудаар иж бүрэн тоноглогдсон тавилга авахыг зөвлөх байна.
Эмэгтэйчүүдийн алдаа:
1. Гал тогооны өлгөдөг шүүгээнүүдэд эмэгтэйчүүд бараг дуусч байгаа зүйлстэй элдэв сав, баглаа боодлыг чихэж хадгалдаг. Xүүдийтэй хоол амтлагч, савтай хольц зэргийг тавиур дээр тарааж хаясанаар хэт их зай эзэлдэг.
2. Эмэгтэйчүүд дотроо хүнсний үлдэгдэлтэй сав суулгыг таглаж мартаад бас дээр дээрээс нь өрж тавьдаг. Нэгийг татахад бүгд нурж унах ба энэ нь бага гэлтгүй гэмтэл учруулах аюултай. Ялангуяа бага насны сониуч хүүхэдтэй айлд нэн зохимжгүй.
З. Гал тогооны өрөөний хамгийн том дутагдал нь гэрэл багатайд оршдог. Тэр тусмаа өлгөдөг шүүгээг хэт нам өлгөснөөр сүүдэр нь доорх шүүгээний тавиурууд дээр тусч харанхуйлна. Энэ орчин муу цэвэрлэгдэж улмаар нян үржих боломж олгодог.
4. Шургуулганд овор ихтэй зүйлс чихсэнээр чөлөөтэй нээхэд саад болдог.
5. Аяга таваг угаах паралоныг боломж гарах бүрт савандаж угаавал зохино. Энд хамгийн их нян үрждэг.
Арга хэмжээ:
1. Бүх хоол амтлагч ба жижиг нунтаг зүйлстэй хүүдий сав хайрцагнуудаа үзлэг хийж хаяхыг нь хаяж үлдсэнийг нь шүүгээнд биш шургуулганд байрлуул.
2. Жижиг савнуудыг дээр дээрээс нь овоолж тавих биш харин хадгалбал зохино. Сагс хэлбэрийн том саванд хэсэг хэсгээр хийж тавьдаг арга хамгийн зөв. Ялангуяа тогоо савны тагнууд их зай эзэлдэг бөгөөд тэднийг бүгдийг нь нэг сагсанд хийж тусад нь хадгалаарай.
З. Харин өлгөдөг шүүгээнүүдээс туссан сүүдрийн асуудлыг шийдэхэд зөвхөн орчин цагийн гал тогооны тавилгууд хэрэгтэй. Ийм тавилгууд өөртөө жижиг чийдэн агуулж байдаг.
4. Шургуулганд байвал зохих зүйлсийн жагсаалт: бүх төрлийн хутга, халбага, сэрээ, лааз нээгч, хайч, юм бутлагч, жижиг үрүүл зэрэг юм. Yүнээс том зүйлсийг шургуулганд хийвэл нээхэд саад болдог.
5. Гал тогооны паралон бага зэрэг үнэр орж эхэлбэл бушуухан хаяж байгаарай. Ер нь паралоныг тэр хавьд нь жижигхэн сагсанд хийж хадгалбал зохино. Паралон удаан нойтон байх тусам асар их нян үрждэг.
Сонголт:
-Гал тогооны тавилга нь маш их уур чийгтэй орчинд байрладаг гэдгийг та мэднэ. Хоолны уур, крант ба хоолойнуудын чийг гээд л. Ийм орчинд байх тул тавилгын материалд онцгой анхаарах шаардлага аяндаа гарч байна. Сүүлийн үед Монголд урд зүгээс орж ирж байгаа мебелийн ихэнхийг шахмал цаасаар хийсэн тавилгууд эзлэх болжээ. Уг нь өргөөд үзэхэд хүндийн жингээрээ шууд ялгагдана. Хэрэв та гэнэдэж шахмал цаасаар хийсэн гал тогоо авбал ямар байдалд хүрэх нь ойлгомжтой. Ер нь шахмал цаасан тавилга нь халуун орны цаг уурт зориулагдан бүтээгджээ. Харин Монгол бол шал өөр уур амьсгалтай. Гадаа их хүйтэн учир гал тогооны өрөөнүүд маш их чийгшиж, ууршиж, цан цохиж байдаг. Цаасан шахмал мебель бол уур чийгэнд дороо л пөмбийгөөд ирнэ. Түүнээс гадна гал тогооны сав суулга үргэлж холхих эдэлгээ, халуун зүйл тавих, гэх мэтийг тэвчиж чадахгүй.