Уур биеийг зовооно…

785318ff8c6ffb80bigБид яагаад уурладаг вэ?

Бид хүссэнээрээ байж чадаагүйгээс, ямар нэг юм бидний хүссэний дагуу биелээгүйгээс болж уурладаг. Бидний хүсэл бүхэн «Алтан загасны үлгэр шиг биелж байх» албагүй шүү дээ гэдгийг л тэрхэн агшинд мэдэрч чаддаг байх нь чухал. Ийм нэгэн үзэгдэл бидэнд нийтлэг ажиглагддаг.

Миний хийсэн сайн сайхан зүйл, бүтэлтэй бүхэн нь миний л ухаантайгаас, миний л мундагаас болдог  гэж хүмүүс боддог. Харин миний бүтэл муу байгаа бүх юм бол миний эргэн тойронд байгаа бусдаас  хүүхдүүдээс, анхиагүй эхнэр, муу туслах, муу хамт олноос шалтгаалж байна гэж бодоцгоодог. Гэтэл тэрхүү муу муухай, бүтэлгүй бүхний эх уурхай нь өөрт нь байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй.

Бидний зарим нь нэг ихээр уурлаад л, өөрийнхөө хүссэнээр, бусдыг айлгаж байж юмаа хийлгээд, түүнийгээ ид бах болгоно. Тэгээд л «эд нар уурлахгүй л бол юм хийхгүй юм, юм бүтээхгүй юм» гэж сайрхан ярина. Ингэж уурлан байж бүтээсэн ажил нь үнэндээ уг ажлыг бүтээснээс илүүтэйгээр өөрийг нь хордуулж байдгийг тэр бүр мэддэггүй. Уур хилэн нь элэг гэмтэх, хатуурах, цөс хуримтлагдах хийгээд цөсний зогсолт, зүрхний хатгалтын эх үүсвэрийг тавих хөнөөлт үйлдэл юм.

Монголчууд «Элэг эмтэрч, зүрх шимшрэм»гэж ярилцдаг. Мөн анчид баавгайг уурлуулж байгаад агнавал цөс нь том байдаг гэлцдэг. Yнэхээр ч тэр үнэн юм. Тэгэхлээр уур хилэн хүнд өөрт нь эрүүл мэндийн хувьд ямархан хор хөнөөл учруулдаг нь ойлгомжтой.

Бид уурлаж хүнийг айлган сүрдүүлж, ажлаа бүтээнэ гээд байгаа нь өөрийнхөө биенийхээ аль хэдийнээ муутгаж байгаагаа мэддэггүйн харгай юм даа. Харин ч бүр уурласныхаа дараа түүндээ баярлаад, түүгээрээ бахархаад байдаг явдал зарим хүмүүст ажиглагддаг…,  ..эсвэл уурлаж хэрэлдэж, ноцолдож, зодолдосныхоо дараа « ө,шал дэмий юмнаас болж уурлаж дээ» хэмээн гаслан халагладаг  тохиолдол ч гардаг.

Уур

Уур хилэнг галт уултай зүйрлэж болох юм. Галт уул дэлбэрсний дараа ойр хавийн нь газар нутаг, орчин тойрных нь эд юмсыг сэргээн засварлаж, хуучин байдалд нь оруулна гэдэг нэн бэрхтэй. Yүний адилаар уурын мунхагаар хэн нэгний болчимгүй хэлсэн ганц үг, бодлогогүй хийсэн ганц алхам эцэг эх, үр хүүхэд, анд нөхөд, хайрт хосын хоорондын хамгийн нандин хэлхээ холбоог таслах, өрөөл бусдын сэтгэлд ч, өөрийнхөө амьдралд ч насан туршдаа мартах аргагүй гүн хар толбо суулгах нь бий. Эгэл хүний сэтгэлийн гурван гэмийн нэгэн гэгдэх уурнаас яаж ангижирч, уур уцааргүйгээр хэрхэн амар тайван аж төрж болох бол оо? аливаа асуудалд хандахдаа уурлахаа урдаа барилгүй, уучийн сэтгэлийг үүсгэн, өөрийнхөө сэтгэлийг зөв жолоодож сурах нь үүний эхний алхам бөлгөө. Хэн ч гэсэн алдаа гаргадаг, тэгээд ч хэн бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн бүгд таны хүссэнээр байх албагүй шүү дээ. Уур хилэнгийн уг үндэс учир шалтгаан нь юу билээ? Олонхи хүний уурладаг шалтгааныг нь нарийн тунгааж үзвэл үндсэндээ гурван шалтгаан, эх үндэстэй байхыг тогтоожээ. Хэдийгээр тэр бүрий уурлаад байдаггүй байлаа ч уншигч та энэ талаар нэг бодоод үзүүрэй.

Хэн нэгэнд гомдох юм уу атаархах, өөртөө гомдох гомдлоос уур үүсэх нэг шалтгаан болдог. Зарим хүн хүнд гомдохдоо амархан, заримдаа бусдад бус өөртөө, хувь заяандаа гомдсон байдаг. «Би яагаад газрын бэтэг шиг төрдөг байнаа» эсвэл «би яагаад тэмээ шиг горзойсон амьтан болчихдог байна аа…» гэх мэтээр тодорхой эзэнгүй гомдож явдаг. Энэ нь өөрийгөө голох, чамлах сэтгэлээс үүддэг байна. Хүн өөрт нь байгаа юмаа голох хандлагатай байдаг нь эцэстээ өөрөөс нь аль нэг зүйлээрээ илүү хэн нэгэнд атаархаж, түүнээсээ болж уурлах нэг үндэс болдог аж.  «Чинийх долоо байхад минийх долоохон байна ш дээ» гэсэн онигоо байдаг шиг л. Эхнэрээс нь олон охин хүүхэд төрөхөд хүү байх нь яав даа гэж голох. Яагаад ч юм бэ хөөрхий тэр охин гологдосноо мэдсэн юм шиг өвчин ээрэх тохиолдол ч бий. Монголчууд амны билгийг эрхэмлэдэг. Тэгэхлээр голоход ч учир байна биш үү? Гэдсэн доторхи хүүхэд хүртэл гомдоод зангирах юм уу? Эсвэл огт хөдөлгөөнгүй байх шишээтэй. Уур бухимдлын хоёр дахь шалтгаан нь шуналт сэтгэл ажээ. Шунахай, хомхой сэтгэл нь хүний амьдралын гэрэл гэгээ,баяр баясгаланг хулгайлдаг.

Хүн хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Энэ хорвоогоос хэн ч юу ч авч чадахгүй шүү дээ. Бид насаараа идэж барахгүй хоолыг, өмсөж барахгүй хувцасыг, элээж барахгүй эд хөрөнгийг хураах гэж юунд өөрийгөө зовооно вэ? Мэдээж үр хүүхдийнхээ төлөө л гэнэ. Тэгвэл бид өөрсдөө зөв бодолтой байгаад, үр хүүхдээ зөв хүн болгож, тэднийхээ ирээдүйн эд хөрөнгөнд бус эрдэм боловсролд нь илүү анхаарвал алсдаа тэр нь хүүхдэд тань ашиг тусаа өгөх нь дамжиггүй. Эд баялгийг бүтээгч нь хүн өөрөө. Өөрт нь өвлөгдөн ирэх тэр их баялгийг бүтээх гэж эцэг эх нь ямар их хугацаа, хүч хөдөлмөр, хөлс зарцуулсныг хүү тань, охин тань сайн мэдэрч ойлгох болов уу? Харин түүнийхээ оронд өөрийнхөө гараар баялгийг бүтээх, түүнийхээ үр шимийг үзэхийн сайхныг үр хүүхэддээ бага багаар ч гэсэн мэдрүүлэх хэрэгтэй. Хүүхэддээ мөнгө өгөх бол зүгээр нэг май гээд өгчих биш, ямар нэг болзол шалгуур тавих ч юм уу, эсхүл аль нэг амжилт, сайн үйл, сайн занг нь урамшуулж өгч бай. Тэр чинь хүүхдэд бага боловч урам өгнө, мөн зорилгодоо хүрэхийн төлөө шамдахад сургах нь дамжиггүй.

Гурав дахь шалтгаан бол уур хилэн нь дур тачаалаас үүдэн гардаг байна. Грек хэлнээ уур хилэнг «орге» гэдэг бөгөөд энэ нь «сэтгэл хүчтэй дэврэн хөдлөх» гэсэн утгыг илэрхийлдэг. Уур хилэнгээ барьж чаддаггүй хүмүүс дур хүслээ бас барьж дийлдэггүй ажээ. «Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал гэсэн үг бий ».

«Уураа барьж чадалгүй л ийм юм хийчихлээ», « Тэр л өөрөө уур хүргээд байсан шүү дээ »гэх мэт үгс хэлэлцэх нь бий. Өөрийн эрхгүй нүдийг тань хаагаад, харанхуйлаад, үг сонсуулалгүй чихийг тань бөглөөд, эрүүл ухааныг тань балартуулаад дэврээд ирж байгаа тэр их уурын давалгааг зогсоох сэтгэлийн тэнхээ хэрэв хүсвэл хэнээс ч гарна. Та зүгээр л хэсэгхэн ч гэсэн дуугаа хураагаад, нүдээ аниад,чихээ бөглөөд суугаад үз. Болохгүй бол гараад гудамжаар хэсэг алхаад үз. Тэгээд юунд уурласнаа эргээд нэг бодоод үз.

Ингэж зөвлөх амархан л даа. Уурлах нөхцөл байдал ямарч байж болно. Хоёр хүн хоорондоо хэрэлдэж байгаа бол бүр хэцүү. Тэд бие биеэсээ дуугаа өндөрсгөн, хэн нь хэнээсээ илүү гарах гэж хашгичиж байгаа нь өөрсдийн дотроос дэврэн гарч ирж байгаа уурынхаа галд тос нэмж байгаа гэдгээ тэр үед хэрхэн мэдэх билээ. Юунаас болж ингэж өөрсдийгөө зовооно вэ? Эцсийн эцэст дээр дурдсан уурын гурван уг сурвалжаас л энэ бүхэн үүдэн гарч байгаа хэрэг. Хэн нэгэнд атаархахгүй, гомдохгүй, шунахгүй, хүсэхгүй амьдрах гэдэг хэцүү. Энэ бол идэвхигүй, зорилгогүй, тэмүүлэлгүй, мөрөөдөлгүй амьдрахын нэр биш. Энэ бол өчигдөрөө дурсаж, өчигдрөөсөө ухаарч, сурч, ирээдүйгээ өөрийнхөөрөө төсөөлж, сайнаар мөрөөдөөд өнөөдрөөрөө амьдрахын нэр. Нэгэнт та өнөөдөр ингэж л амьдарч байгаа тань үнэн тул үүндээ хэн нэгэнд гомдож, уурлах хэрэг огт байхгүй. Таны хувь заяа таны гарт гэдгийг л үргэлж санаарай.

Харин та уурыг юу гэж бодож байна вэ, та одоо уурлахаасаа өмнө дээрх зүйлийг бодоод үзээрэй…

А.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …