Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. /2013.01.11/
Автозамын засвар, арчлалтын бүтэц, зохион байгуулалтын талаар дараах арга хэмжээг авна
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход 5700 орчим км автозамыг 2015 онд багтаан ашиглалтад оруулах юм. Зам нэмэгдэхийн хирээр өдөр тутмын засвар арчлалтыг сайжруулах, зам арчлалтын компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар автозамын засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийг хувааж, Төв аймгийн Баянчандмань суманд “Баянчандмань АЗЗА”, нийслэлийн Налайх дүүрэгт “Налайх-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт зөвшөөрлөө.
Дундговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд автозасварын арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Улсын чанартай 12700 гаруй км автозамын засвар арчлалтыг төрийн өмчит 19, хувийн 4 компани жилийн дөрвөн улиралд хийдэг. Засвар арчлалтыг 1000 гаруй хүн 500 гаруй машин механизмаар гүйцэтгэдэг.
Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн төсөлд тусгасан саналыг төсөл санаачлагчдад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангахад сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх батлан хэрэгжүүлж байгаа боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангагдахгүй байгаа юм.
Иймд төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл батлан даалт, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, хариуцлагыг сайжруулах ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Товч мэдээ
· – Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах, эрсдэлийн үнэлгээг тогтоох зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг Баянхонгор аймгийн Богд сум, Дундговийн Мандалговь, Сэлэнгийн Сүхбаатар хотод байгуулна.
· – Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
· – Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дашдоржийн Батмөнхийг томиллоо. Д.Батмөнх нь тус газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.
· – Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· – Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор спортын бэлтгэлийн төв байгуулахаар боллоо. Бэлтгэлийн төв байгуулах байршлуудыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусган газар олгож, дэмжиж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
· – 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын 2013-2016 оны “Соёл, боловсрол, шинжлэх ухааны солилцооны хөтөлбөр”-ийг баталлаа.