МХЕГ-ын дарга асан Р.Содхүүтэй ярилцлаа.
-Таныг Торонтогийн биржийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ гэж сонслоо. Ямар шинэ содон зүйл олж харав. Монголын хөрөнгийн биржийн захирал байсныхаа хувьд нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харсан байх?
-Ерөнхийдөө улаан буудайн чиглэлээр, газар тариалангийн ажлаар уулзалт хийж долоо найм хоноод ирлээ. Мөн Америк, Канадын (Торонтогийн) болоод өөр хоёр гурван биржийн ажил байдалтай танилцлаа. Өмнө нь буюу Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхдаа хамтын ажиллагаа тогтоосон зарим биржүүдээр ч орлоо. Уулзаж учирч байсан хүмүүстэйгээ уулзаж, дэлхийн хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаарх байр суурийг нь сонирхлоо. Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхдаа би гадаад харилцаандаа ихээхэн анхаарч, тодорхой хэмжээнд хөгжүүлсэн. Намайг ажил авч байхад Хөрөнгийн бирж маань дөрвөн улстай хамтын ажиллагаатай байсан бол бид 28 болгож өргөжүүлсэн. Нэлээд томоохон биржүүдтэй хамтын ажиллагааны чиглэл тогтож байсан.
Монголын ашигт малтмалын ордууд дээр гадаадын компаниудын үйл ажиллагаа явдаг шүү дээ. Манайд орд нь байдаг. Тэнд буюу Олон улсын бирж дээр хувьцаагаа арилжаалдаг Монголын компаниуд бас байдаг. Сая Торонтогийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг тэр компаниудынхаа ханшийг харсан. Сонирхсон. Гэтэл манай компаниуд биш Монголын ашигт малтмалтын орд газар дээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын хувьцаа арилжаалагдаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Өөрөөр хэлбэл, орлого, татвар нь дандаа гадаадынханд орж байдаг ийм л орд газар лицензээр дамжаад гадаад улсынх болсон мэтээр тэр бирж дээр дуудагдаж байна шүү дээ. Бид “Айвэнхоу майнз” гэж яриад байдаг даа. Гэтэл тэрийг өөрчлөөд орчуулбал “Оюу толгойн нөөц” гэдэг өөр нэртэй хувьцаат компани болгож хувиргасан байна. Эзэмшил нь мэдээж бас л Канадынх.
-“Айвэнхоу майнз” гэдэг компани одоо байхгүй болсон гэсэн үг үү?
-“Айвенхоу майнз” байхгүй болсон гэсэн үг. Бид “Оюу толгойн нөөц” гэдэг Канадын тэр компанийн Торонтогийн бирж дээрх ханшийг үзэж, тэдний арилжаатай холбоотой зүйлсийг харлаа. Арилжаа явдгаараа явж л байгаа юм байна. Мөн таван компанийн сүүлийн таван жилийн хувьцааны ханшийг нь үзсэн. Өөрөөр хэлбэл, хувьцаа нь хэрхэн хэлбэлзэж ирсэнийг харьцуулж үзэх зорилгоор таван компанийн мэдээллийг газар дээрээс нь авсан. Ерөнхийдөө зарим үед ханш нь унасан, заримдаа асар өссөн дүн харагдсан. Дунджаар харах юм бол савалгаатай гэсэн үг. Сонирхдог хүмүүс интернэт рүү ороод тэр болгоныг мэдээд авчихсан биз ээ.
“Оюу толгойн нөөц” компани нэмэлт хувьцаа гаргасан байна лээ. Өчигдөр, уржигдар ч байна уу даа тэр нэмэлт хувьцааных нь захиалгыг авч дууссан байна. Намайг очиход нэмэлт хувьцааны арилжаа явагдаж байсан юм. Канадын тэр компани манай “Оюу толгойн” ордыг л сурталчилах юм билээ. Үндсэндээ “Монголд ийм том орд газар нээгдсэн. Асар их ашиг олно” гэсэн том сурталчилгаа хийгдэж байна. Нэг талаас Монголыг сурталчилж байна уу гэмээр харагдсан. Яг нарийн харвал Торонтогийн бирж чинь ашигт малтмалын чиглэлтэй хөрөнгийн бирж юм билээ. Тэр өнцгөөс нь бас хараад үзвэл “Оюу толгойн” ордыг маань Канад улсын ашигт малтмалын орд юм уу гэж бодогдмоор л сурталчилж байна лээ.
Хоёрдугаарт, бид саяны явалтаараа дэлхийн улаан буудайн хангалтын асуудлаар дэлхийн олон улсын байгууллагуудын хүмүүстэй ярилцлаа. Улаан буудайн аюулгүй байдлын асуудлыг их ярьдаг болж. Канадын буудайн зөвлөл гэж том байгууллага бий. Манай улс 100 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх гээд бөөн хэрүүл болоод байж байна. Гэтэл тэнд хэдэн сая тонноор нь ярьдаг юм байна. Ухаан нь Хятадад өгөх 2 сая тонн улаан буудайн талаар яриа өрнөх жишээтэй. Тийм учир улаан буудай гэдэг зүйл дэлхий дээр хамгийн чухал болоод байгаа тухай ярилцсан. Дээр нь дэлхийн олон орон буудайг дотооддоо тариалаад, өөрсдөө хүнсэндээ хэрэглэх талаар их оролддог талаар ярьсан. Эмзэглүүштэй нь яваандаа улаан буудайн худалдаалалт дэлхийн хэмжээнд буурна гэдэг прогнозыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, ургац буурна гэсэн үг. Яагаад гэвэл, цаг уурын өөрчлөлт улаан буудайд нөлөөлж байгаа нь ирээдүйн дүр зурагт нь сөргөөр буугаад байгаа бололтой. Иймэрхүү л агуулгатай хуралд оролцоод ирлээ.
-Манай улсын хөрөнгө бэлтэй, эрх мэдэлтэй цөөнгүй хүн “Оюу толгойн” хувьцаа эзэмшдэг талаар ярьдаг. Торонтогийн бирж дээр та тэр талаар тодорхой зүйл ажиглав уу?
-Хоёр сүрхий зүйлийн тухай ярихгүй бол болохгүй. Бид өнөөдөр эндээ, Монгол Улсын хэмжээнд ярих юм бол “Оюу толгойн” эрдэс баялаг монголчуудын мэдэлд байдаг. Үндсэн хуульд зааснаар бол тийм юм. Энэ утгаараа монголчуудын эрх ашиг “Оюу толгойд” шингэсэн байх ёстой, энэ эрдэс баялагаас монголчууд хүртэх ёстой юм. Би нэлээд зүйл үзсэн. Энд “Оюу толгойн” эрх ашгийн талаар ярьж байхад нарийндаа манай нэлээд олон том албан тушаалтан тэнд хувьцаа эзэмшдэг юм байна. Тэр хүмүүсийн тоог хэлээд яах вэ. Ямар ч байсан Канад улсын “Оюу толгойн нөөц” гэдэг ХК-ийн хувьцааг эзэмшсэн Монголчуудын эрх ашиг тэдэнтэй цуг байна. Тэр компанийн охин, хараат компани нь манай “Оюу толгой” ХХК юм байна. Тэдний зүгээс ямар асуудал тавьж байна вэ гэхээр Монголын Засгийн газар “Оюу толгойн нөөц” компанитай “Оюу толгойн” орд газрыг ашиглах асуудлаар гэрээ байгуулсан байх ёстой. 34 хувийг Монголын төр эзэмшинэ” гээд тавьчихсан байж байдаг. Гэтэл нарийндаа Монголын Засгийн газар Канадын компанитай хэлэлцээр хийнэ гэдэг нь ашиг сонирхолын нэгдэлтэй хувьцаа эзэмшигчидтэй хийж байна гэсэн үг. Гэтэл “Оюу толгойн нөөц” ХК дотор Монголын толгой баячууд, эрх мэдэлтэй томчууд орчихсон байна. Нэг юм хэлээд байгаа биз? Өөрөөр хэлбэл, Монголын эрх баригчид хэнтэй гэрээ хийж байна вэ гэхээр дэлхийн том баячууд болоод хувьцаа эзэмшигчидтэй гэрээ хийж байна гэсэн үг. Тэр Канадын хувьцаат компанид өөрийн эрх ашиг бий. Ухаандаа хувьцаа эзэмшигчид чинь “Оюу толгой”-гоос гарсан ашгийг хувааж авна гэж хувьцаа худалдаж авч байгаа шүү дээ… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!