Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон мянга буюу 19.6 хувиар өссөн байна.
Тодруулбал, өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил, мэргэжилгүй иргэдийг сургалтад хамруулж, ажлын байранд зуучилсан юм. Ингэхдээ өнгөрсөн жил нийт 6417 хүн уг сургалтад хамрагдаж төгссөнөөс 79 орчим хувь нь ажлын байртай болжээ. Гэсэн хэдий боловч жилийн эцсийн байдлаар ажилгүй иргэдийн тоо 19.6 хувиар өссөн дүн гарсан байна.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг энэ жил ч үргэлжлүүлж нийт долоон мянган хүнийг дээрх байдлаар сургалтад хамруулах төлөвлөгөөтэйг Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Сургалтыг хоёр ээлжээр явуулах бөгөөд эхний ээлжийн сургалт хоёрдугаар сарын 10-наас эхлэх бол хоёрдугаар ээлж дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, долдугаар сард төгсөлтөө хийх ажээ.