Ливэрпүүлийн ахлагч Прэмьер Лигт 16 дахь улиралдаа тоглож байгаа Стивэн Жэррард өнөөгийн Прэмьер Лигийн хуваарь болон Ливэрпүүлийн байгаа байдал зэрэг нь Английн аваргын титмийг өргөх боломж бүрдээд байгаа талаар өгүүлжээ.
Ливэрпүүлийн домгийн хувьд клубын хэмжээнд авч чадаагүй байгаа цорын ганц цом нь Прэмьер Лигийн аваргын цом бөгөөд тэрээр зодог тайлахаасаа өмнө энэ цомыг өргөж үзэх хүслээр бялхаж байгаа нь дамжиггүй.
Стивэн Жэррардын Скай Спортс-т өгсөн дэлгэрэнгүй ярилцлагын хэсгээс нь хүргэе.
Саяхны шөрмөсний гэмтлийн талаар …
Хөлбөмбөгөөс гадуур байна гэдэг ямар ч хөлбөмбөгчний хувьд тэсэшгүй даваа байдаг. Багийнхаа нэг хэсэг нь болж чадалгүй, ганцаараа бэлтгэлийн танхимд, физик эмчилгээнийхэнтэй нөхөн сэргээлтийн бэлтгэл хийж байхад асар их ганцаардах мэдрэмж төрдөг. Харин би тэр үеээ өнгөрөөж, нэгдсэн багийн бэлтгэлдээ гарснаар барахгүй талбайд хэдэн минут тоглолт хийсэн нь сайн хэрэг. Одоо би бүх талаар бэлэн болсон. Топ 4 -ийн төлөө ширүүн өрсөлдөж буй энэ үед Тоттэнхэмийн талбайд зочилсон, Сити болон Чэлсигийн талбайд зочилсон 3 том тоглолтуудыг өнжих болсон нь маш харамсалтай байлаа. Бэртэл аваад нарийвчилсан шинжилгээний дараа намайг 4-6 тоглолт өнжих хэрэгтэй болсон тухайгаа өмнө хэлж байсан. Крисмасын үеийн бүх тоглолтуудад оролцож чадахгүй болсон байсан. Энэ бол үнэхээр сэтгэл гонсойм мэдээ байсан бөгөөд хамгийн чухал нь бид маш чухал тоглолтуудыг тэр үеэр хийх байсан нь бүр ч хэцүү байсан юм.
2013-14 оны Прэмьер Лигийн талаар …
Багууд бие биеэсээ оноо салгаж авсаар л байна. Прэмьер Лигийн дундаж багууд хүчирхэгжиж, Лиг тэр чигээрээ үнэхээр сайжирч байгаа нь хүснэгтийг тэргүүлж буй багуудад улам халгаатай болсоор байна. Хөгжөөн дэмжигчид үүнд мэдээж сэтгэл хангалуун байгаа байх. Бидэнд ч хангалттай хүчтэй байхад тэдний дэмжлэг нөлөөлж байгаа. Бид тогтвортой сайн тоглолтоо хадгалж чадвал хүссэн 4 байрныхаа аль нэгийг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Улирал эхлэх үед л бидний гол зорилт энэ байсан. Үүний тулд бид гэртээ хийсэн тоглолтондоо оноо алдахгүй байх нь хамгийн чухал бөгөөд өмнөх жилүүдийн гашуун туршлагаас харахад бусад багууд Анфилдаас ямар нэгэн оноотой буцах боломжийг олгож, утгагүй алдаанууд гаргаж байсан. Гэвч Брэнданы удирдлага доорх Ливэрпүүлийг харвал 2013 оны календарын жилд бид Анфилдэд маш тогтвортой амжилттай, итгэлтэй, сайн формтой байгаа. Өөрийн талбай дээрээ сайн формтой тоглолт гаргаж чадаж байгаа учраас үүнийгээ хадгалаад, зочлон тоглолтууддаа ялалт байгуулах бүрэн боломжтой болж байна. Бидний зочлон тоглолтын үзүүлэлт тийм ч тогтвортой биш байгаа учраас бид үүн дээрээ түлхүү ажиллаж, зөв чиглүүлж чадвал бид Лигт маш хүчтэй өрсөлдөөн үзүүлж эхэлнэ. Бидний дараачийн зорилт энэ байх болно.
Топ-4 -ийн төлөө өрсөлдөгчдийг Анфилдэд хүлээн авах талаар …
Сити болон Чэлсигийн эсрэг хийсэн зочлон тоглолтууддаа бид дажгүй тоглосон. Би тэр тоглолтуудад оролцоогүй ч тэдгээр тоглолтуудыг үзсэн. Манчэстэр Ситигийн эсрэг тоглолтонд бид 90 минутын турш тэднийг илүүрхэж чадаж байсан. Зарим нэг зүйлс бидний санаснаар болсон бол бид тэр тоглолтонд ялалт байгуулж чадах байсан гэж бодож байна. Чэлсигийн хувьд 45 минутанд тэд илүүрхсэн гэж хэлбэл зөв болно. Харин 90 минутын турш гэж ярьвал бидний хувьд илүү боломж байсан. Энэ бүхнээс дүгнэхэд Анфилдад бид тэднийг хангалттай илүүрхэх боломжтой юм. Магадгүй тэд арга барилаа бага зэрэг өөрчилж Анфилдаас оноо салгах, боломж гарвал биднийг буулгаж авах зорилготой ирэх байх. Бид энэ жил болон энэ улиралд хүндлэл хүлээхүйц тоглолт гаргаж байгаа гэж бодож байна. Мэдээж эдгээр өндөр төвшний багуудтай Анфилдэд хийх тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй болох нь тодорхой.
Аваргуудын Лигт оролцох талаар …
Энэ улирлын туршид бидний зорилго бол ирэх жилийн аваргуудын лигийн эрх байх нь тодорхой. Энэ яриа бидний эргэн тойронд байнга л яригдаж байна. Аваргуудын Лиг гэдэг тоглогч бидний хувьд гайхалтай тэмцээн байдаг. Клубын хувьд бол санхүүгийн сайхан эх үүсвэр. Европын бүх шилдэг тоглогчид болон шилдэг багууд оролцдог гайхалтай тэмцээн. Тоглогчийн хувьд хамгийн шилдгүүдийн эсрэг тоглохыг хүсдэг. Би өмнө энд тоглож байсан туршлагатай шүү дээ. Клубт байгаа надаас насаар залуу олон тоглогчид энэ тэмцээнд өрсөлдөж үзэх хэрэгтэй, магадгүй тэд миний үзсэн олон гайхамшигт үдшүүд шиг мартагдашгүй тоглолтыг хийх байх.
Прэмьер Лигийн түрүүг авах боломжийн талаар …
Магадгүй энэ улиралд би Прэмьер Лигийн цомыг авч энэ улсыг болон бусад олон улсыг гайхшруулах хамгийн том боломж ч байж магадгүй. Бид Прэмьер Лигийн цомыг өргөх өрсөлдөөнд зүй ёсоор орж байгаа. Би 2 ч удаа Прэмьер Лигийн дэд байранд орж байсан ч яг аваргын төлөөх өрсөлдөөнд бол төдийлөн орж байсангүй. Бидэнд тийм боломж гарч байсангүй. Би өөрийн цомын цуглуулгандаа Прэмьер Лигийн цомыг нэмж чадвал тэр миний хувьд бүхэл ертөнц минь байх болно. Хүүхдүүд минь төрсний дараа орох хамгийн сайхан өдөр маань тэр өдөр л байх болов уу. Прэмьер Лигт түрүүлж үзээгүй мөн авахыг маш их хүсч буй цом минь учраас магадгүй миний Аваргуудын Лигийн цомоос ч илүү гарч магадгүй юм.
Ливэрпүүл болон Английн шигшээ багийг ахалж буй талаар …
Би тоглогчийн хувиар хариуцлага үүрэх дуртай. Клубээ болон улсынхаа шигшээ багийг ахална гэдэг миний хувьд мөрөөдөл биелсэн хэрэг. Би үргэлж л үүний төлөө тэмцэж, хичээн хөдөлмөрлөсөөр ирсэн. Миний анхны зорилт бол Ливэрпүүлийн ахлагч болж бусдад энэ ажлыг нэр төртэй хийж чадна гэдгээ харуулж, багаа амжилттайгаар удирдаж, бусад тоглогчдын, болон мэнэжэрийнхээ, хөгжөөн дэмжигчдийнхээ хүндлэлийг хүлээсэн ахлагч болох байсан. Үүнийгээ олон жил батлан харуулж чадсан учраас Английн шигшээ багийн ахлагч болоход тус болсон байх гэж бодож байна.
Эх сурвалж: ливерпүүлфс.мн Нисдэг Чэстмир