Намын харъяаллаас болж 5000 орчим хүн халагджээ

IMG_0017– МҮЭ-ийн холбооны Ээлжит бус 21 дүгээр их хурлын төлөөлөгчдийн санал шүүмжлэл-

МҮЭ-ийн холбооны ээлжит бус 21 дүгээр их хурлын уур амьсгал халуун хэвээрээ байна. Учир нь бүх аймаг, нийслэлийн ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультны төлөөлөл 205 хүн үзэл бодол, ур ухаанаа уралдуулсан хурал болсноос тэр. Ээлжит бус их хурлаар МҮЭ-ийн холбооны 20 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаа, хяналтын хорооны тайланг сонсч, дүрэмд зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах, ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Монгол орны өнцөг булан, салбар бүрээс ирсэн төлөөлөгчид иргэд хөдөлмөрчдийн амьдралын бодит асуудлууд болох баялагийн шударга хуваарилалт хийх, ажлын байрны баталгааг хангах, амьжиргааны түвшинг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, үнэ тарифын хөөрөгдлийг буулгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, МҮЭ-ийн үйл ажиллагааны шинэчлэлт өөрчлөлтийг бэхжүүлэх, гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын гэрээ хэлэлцээрүүдийн үр дүнд хүргэх, хүний төлөө зүтгэж байгаа сонгуультнуудын нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлуудыг хурлын индэр дээрээс дэлгэж, МҮЭ-үүдээс явуулж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг улам бүр эрчимжүүлэхийг хүсч байлаа.

МҮЭ-үүдийн цаг үеийн зорилтын тухай илтгэлийн дараа зарим төлөөлөгчдийн тавьсан санал шүүмжлэлийг доор сийрүүллээ.

… Баялагийн хуваарилалтыг илүү шударга болгож, иргэд рүү чиглүүлэх, өргөн хэрэглээний бараа тэр тусмаа мах, орон сууцны үнийн хөөрөгдлийг бууруулах, үйлдвэрлэлийн осол нэмэгдэж, хөдөлмөрийн үнэлэмж сайнгүй байгаа, улс төрийн намын харъяаллаас болж 5000 орчим хүн халагдсанд ҮЭ бүр илүү нухацтай ажиллах ёстой, сум бүрт хөдөлмөрийн байцаагч ажиллуулъя, залуучуудын оролцоог нэмэгдүүлж ҮЭ-ийг байгууллага бүрт байгуулах, ХААН, Хадгаламж банкны цалингийн зээлийн хүүг бууруулах ажилд анхаарал хандуулж, 1.8 байгаа хүүг 1.6 болгоё, төрд 30 жил ажилласан багш орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадсангүй, Хөдөө аж ахуйн салбарын хүмүүсийг гишүүнчлэлтэй болоход анхаарлаа хандуулъя, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллагчдын нэг цагийн хөлс 200 төгрөг авч байгааг эргэж харах цаг болсон гэхчлэн олон санал шүүмжлэл өрнөсөн юм. Их хурлын төлөөлөгчид эдгээр санал, шаардлагыг ажил болгохыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа болон Их хурлын хооронд эрх барих Ерөнхий зөвлөл, тэргүүлэгч нарт даалгасан юм.

Дээрх санал шүүмжлэлд үндэслэн гаргасан их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг 2013 оны ажлын төлөвлөгөөнд нэмж тусган хэрэгжүүлнэ. МҮЭХ-ны үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа, цаашид МҮЭХ-ны зүгээс тэдэнд ямар үйлчилгээ чухал байгаа талаар санал солилцох уулзалт, алслагдсан сум, дүүргийн ҮЭ, түүний анхан шатанд ажиллаж байгаа идэвхтэн сонгуультнуудад арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан туршлага судлах зэрэг ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.http://www.ugluu.mn/5869.html

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …