Шар буурцаг ( Glycine hispida Sieb, Fabaceae )-ийг Япон, Хятад, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ–д хамгийн өргөн хэрэглэдэг, хүнсний болон эмийн ургамал мөн.
Ургамлын найрлага: Ургамлын буурцаг 20% орчим тос, 50% хүртэл уураг, 30% нүүрс-ус агуулна.
Тосны глицерид: линолын хүчил 50%, олейны хүчил 30% Линолены хүчил 7% -аас бүрдэх бөгөөд үүнийг бага зэрэг цэвэрлээд “фосфатидын холимог” -ийг гарган эссенциалийн тариа, капсул, лецитин (sojalecithin) зэрэг эмийг үйлдвэрлэнэ.
Япон, Хятад зэрэг оронд ду-фу зэрэг их хэмжээний уураг агуулсан хүнсийг өргөн хэрэглэх ажээ. Шар буурцгийн үрэнд их хэмжээний изофлавоноид хэмээх эм бэлгийн гормонтай төстэй байгалийн бодис байдгийг судалгаагаар тогтоосон. Хоол хүнсний хэрэглээг, өвчлөлтэй холбон явуулсан ажиглалт, судалгааны дүнд дор дурдсан дүгнэлт хийсэн байна, үүнд:
- Шар буурцгийг долоо хоногт дор хаяад 5 удаа иддэг эмэгтэйчүүдэд зүрхний багтрааны тохиолдол 0,39 байхад, түүнийг хоол ундад хэрэглэдэггүй буюу бага хэрэглэх эмэгтэйчүүдэд энэ өвчний тохиолдлын түвшин 1,0 –д ойртсон үзүүлэлтэй байна.
Японы Олон улсын зүрх судлалын төвийн захирал Yoshihiko Kokubo үүнийг ургамлын изофлавоны бодис зүрхний багтраа үүсэх эрсдэлийг саатуулдаг гэж үзэж байна.
Эстроген – эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш чухал гормон бөгөөд “сарын юм”-ийг зохицуулахад их рольтой.Энэ гормоны түвшин буурахад эмэгтэйчүүдийн бие мах бодид эрс өөрчлөлт гарч, түргэн өтлөх тийшээ ханддаг байна. Дээр дурдсан судалгаанд зөвхөн орон нутагт 10 –аас дээш жил амьдарч буй, бие эрүүл 40000 гаруй эмэгтэй,эрэгтэйг хамруулсан байна.
Харин энэ нийтлэлд өгүүлснээр Японы судлаачдын дээр дурдсан ажиглалт амеркийн зүрхний судлаачдын дүгнэлтээс өөр байгаа ажээ.
Америкийн судлаачид шар буурцаг хэрэглэх нь зүрхний өвчлөлд ямар нэг шууд нөлөө байхгүй гэж үзэж байна. Ноён Yoshihiko Kokubo америкийн хоол унд,амьдралын хэв маяг, хооллох заншил японоос эрс өөр гэдгийг хэлсэн байна.
Америкчууд япончуудыг бодвол өөх тос ихтэй хоол хэрэглэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ, хэрэв энэ ажиглалтад японы том хотын хүн амыг хамруулсан бол мэдээж өөр дүн гарах байсан гэжээ.
Судалгаанаас харахад зүрхний багтраа, шар буурцаг хэрэглэх хоорондын байж болох хамаарал эрэгтэйчүүдийн хувьд онцын ялгаагүй байна. Үүний учрыг судлаачид тайлбарлахдаа, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол архи, тамхи илүү хэрэглэдэг учраас тэдгээр нь шар буурцгийн зүрхэнд үзүүлэх нөлөөг дарангуйлдагт оршино гэж үзсэн байна.
Унгар хэлээр нийтэлдэг “ELIXIR” сэтгүүлээс Dr. Т.Зориг