Монголын дээд боловсролд “борооноор гэтэх боохой” нүүрлэжээ

291734_524075840936322_285538069_n

2010 оныг хүртэл Нийслэл хотын маань хойморт нэгэн их өнөр айл Улаанбаатарын Их Сургууль /Эдүгээ МУИС-ийн Улаанбаатар сургууль/ хэмээн нэрлэгдэж, хамт олон нь сэтгэл зүтгэл гарган сургуулиа өргөтгөж, сургалт, эрдэм шинжилгээний олон арван ажлыг төлөвлөж, түүнийгээ амжилттайгаар хэрэгжүүлж байлаа. Энэ их сургуулийн амжилтыг дагалдан суралцагч оюутны тоо ч жилээс жилд нэмэгдэж суралцагч, төгсөгч, цаашлаад ард олон нийслэлээрээ овоглосон Улаанбаатарын Их Сургуульд талархан хандаж, бахархан баярладаг байв.

Монгол Улсын ШУА-ийн Академич Д.Баатар, Х.Намсрай, Б.Бадгаа, Ц.Баатар, Б.Чадраа, Ч.Далай, А.Дулмаа Док., Проф. С.Бүдням, Д.Ёндон, сансрын нисгэгч, Док., Проф. Г.Ганзориг гэх мэт шилдэг эрдэмтдийн санаачлага, хүчин чармайлт судалгааны үр өгөөжөөр 1992 онд Технологийн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдаж, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Монгол улсын Шинжлэх Ухаан Боловсролын сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын 259/А-184 тоот дугаар бүхий захирамжаар Улаанбаатарын Их Сургууль болон өргөжсөн уг хамт олон 200 шахам эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр 22 жил тасралтгүй шинжлэх ухааны залуу халаа боловсон хүчинг бэлтгэх, сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж бакалаврын зэрэгтэй 5 000 гаруй мэргэжилтэн, 1 000 гаран магистр, докторыг төгсгөн гаргажээ. Тэдний 60 гаруй хувь нь гадаад, дотоодын эрдэм шинжилгээ-судалгааны болон төр, бизнесийн нэр хүндтэй байгууллагууд, их дээд сургууль, тэр ч бүү хэл тив дэлхий дамнан үйл ажиллагаагаа явуулдаг АНУ дахь “Microsoft” корпорацид 5 төгсөгч /программын хэлтсийн дарга, анхны төгсөгч Л.Бат-Өлзий гэх мэт/, “Sony” корпорацид 3 төгсөгч тус тус амжилттайгаар ажиллаж байна.

Энэ сургууль бол Монголд төдийгүй, дэлхийд данстай сургууль. Дэлхийн аль ч тусгаар тогтносон улс үндэстэн өөрийн нийслэлээрээ овоглосон брэнд их сургуультай байдаг бөгөөд Улаанбаатараараа овоглосон үндэсний судалгааны энэ их сургууль нь төр, ард түмэн, олон нийт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болох нь гарцаагүй. Уг сургуулийг анх байгуулсан зорилго, төрийн бодлого нь ч ийм л байв. Дээр өгүүлсэн 259/А-184 тоот захирамжид энэ тухай “Улаанбаатарын их сургууль байгуулах тухай: Нийслэлийн Засаг дарга, Москва хотын даргын хооронд байгуулсан 1996 оны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, зах зээлийн нөхцөл дэх сургалтын шилдэг арга барилыг туршин нэвтрүүлж дэлхийн орнуудын нийслэл нь өөрийн нэр бүхий их сургуультай байдаг жишгийг харгалзан Технологийн дээд сургуулийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан өргөтгөж 1996 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатарын их сургуулийг байгуулж ажиллуулсугай” гэж тодорхой заажээ. Энэ хамт олон ч уг өндөр итгэл хариуцлагыг 22 жилийн түүхэндээ нэр төртэйгээр, хийсэн бүтээсэн зүйлтэйгээр авч явсан билээ. Улаанбаатарын Их Сургуулийн хамт олноос Монгол улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, урлагийн гавъяат зүтгэлтэн, Монгол улсын гавъяат багш нар төрөн гарсан нь үүний тод нотолгоо.

60636_517472338263339_1588035549_n

Гэтэл одоо түүхт сургуулийн цаашдын хувь заяа тун эргэлзээтэй болжээ. Өмнөх Засгийн газрын бодлогогүй сайд нарын “Ачаар” Улаанбаатарын Их Сургууль гэсэн эрхэм нэрээ Мүүнийн шашны суртал ухуулах зорилгоор Монголд орж ирсэн ч байж магадгүй “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажууд байрлах Солонгосын хөрөнгө оруулалттай харийн сургуульд алдаж, цаашдаа бүр оршин байх уу, тарж бутрах уу гэдэг асуудлын заагт тулчихаад байна.

 Засгийн Газрын 2010 оны 01-р сарын 20-ны өдрийн 15-р тогтоолоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэн зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, БСШУЯ-ын сайд Ё.Отгонбаяр нар гарын үсэг зурж Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-ийн харъяанд механикаар нэгтгэхээр болсон.

Тухайн үеийн төр засаг үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан нэг их сургуулийг нөгөө их сургуультай нэгтгэн өөрчлөхдөө ямарч тооцоо судалгаа явуулаагүйн дээр, мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийн санал дүгнэлтийг ч хүлээн аваагүй шийдсэн юм. Нөгөө талаар засгийн тогтоолоор том их сургуулиудын бөөрөнд очиж нийлсэн сургалтын байгууллагууд дунд ганцхан их сургууль байсан нь Улаанбаатарын Их Сургууль байлаа. Бусад нь бүгд дээд сургууль, коллеж байсан юм.  Яагаад ?

Боохой борооноор гэдэг… Энэ асуудал намжиж амжаагүй байтал дээр өгүүлсэн солонгос сургууль “Улаанбаатар Их Сургууль” гэдэг нэрийг яаравчлан зүүлээ. Харин 22 жилийн түүхтэй Нийслэлээр овоглосон сургууль зүгээр л “МУИС-ийн Улаанбаатар сургууль” гэж нэрлэгдэх болсон юм. Улаанбаатарын Их Сургууль, Улаанбаатар сургууль гэж нэрлэгдэхийн хооронд тэнгэр газар шиг асар их ялгаа бий.

            Энэ сургуулийн бүтэц, уламжлал, нэрийг өөрчилж, багш ажиллагсадынх нь хөдөлмөрлөх эрх ашгийг боогдуулах, гадны, тэгээд шашных байх магадлалтай хувийн сургуулийг Улаанбаатараар овоглох нь нийслэлчүүд, нийт ард түмний санаанд нийцэхгүй зүйл байсан бизээ. Ганцхан их сургуулийг зориуд ялгаж нэрийг нь сольж, дараа нь устгах гээд оролдоод байгаа нь үүнтэй холбоотой юм биш биз?

            Хамгийн хачирхалтай нь нэрийг өөр сургуульд шилжүүлж байгаа талаар яамнаас ч, Улаанбаатар дээд сургуулиас ч албан ёсоор мэдэгдээгүй гэх. Яг л хүний юмыг хэлэлгүйгээр авдаг хулгай мэт. Төрийн өмчид байсан, нийслэл хотынхоо нэрээр овоглосон их сургуулийн нэрийг тухайн үеийн боловсролын сайдын хүү “Арилжчихсан” гэх яриа ч байдаг.

            Гол нь тухайн үеийн БСШУЯ-с амжилт бүтээл дүүрэн хэвийн үйл ажиллагаатай байсан Улаанбаатарын Их Сургуулийг ямар учраас МУИС-д нэгтгэв? Үүний цаана хэний эрх ашиг байсан бэ? гэдэг одоо хэр нь хариултгүй асуулт хэвээрээ байсаар л байна.

Энэхүү нэрний асуудлаар урьд өмнө хэвлэл мэдээллийнхэн олон удаа бичиж, асуудал болгон тавьж байлаа. Харамсалтай нь өмнө засгийн үед л лав тоож сонсох төр засгийн эрх мэдэлтэнүүд байсангүй. Тэр бүр нөгөөх Улаанбаатар дээд сургуулийн удирдлагууд “Улаанбаатар Их Сургууль” гэж хадсан хаягаа авчихна, тэгээд л тун удахгүй тоглоомтой нь аргагүй буцаагаад өлгөчихдөг байв. Одоо ч тэдний шинэхэн барьсан байшингийн нүүрнээс “Улаанбаатар Их Сургууль” гэсэн үгсийг хусаж арилгасан ул мөр шарх мэт, гэхдээ уншигдахаар үлдсэн байгаа. Төрөлх Нийслэл хотын минь нэр харь солонгосчуудын тоглоом биш.  1993 онд солонгос хэлний дамжаа байсан энэ сургууль 100 хувь гадны хөрөнгө оруулалттай. 1995 онд коллеж болж, дараа нь дээд сургууль, харин одоо их сургууль болжээ. Гэхдээ улсын минь нийслэлийн нэрийг хууль бусаар эзэмшиж их сургууль болж байна.

Тусгаар тогтносон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд А зэрэглэлийн бүсэд /13-р хороололд, Нарантуул зах руу явах замд/, худалдааны гудамж гэж хэлмээр газарт асар том талбайн зөвшөөрөл авч 5 давхар дээд сургуулийн барилга бариад нийслэл хотын их сургуулийнх нь нэрийг булааж, дуртай үедээ үүдэндээ хадаж дургүйгээ хүрэхлээр хусаж тоглодог ямар их эрх дархтай солонгосчууд вэ? Бас ямар их доромжлол вэ?

IMG278

Тэгээд ч дуусахгүй тэр сургуульд нь Монгол оюутнууд төлбөрөө төлж, “Итгэл-Найдвар-Хайр” гэсэн уриатайгаар хичээлээ үзэж сууна. Энэ сургууль олон сайн сайхан зүйл ярьж Монгол эцэг эхчүүд, хүүхдүүдийг өөртөө татдаг. Гэвч үнэн чанартаа БСШУЯ-ын сайд асан Ё.Отгонбаяр тэргүүтэй манай томчуудын толгойг хүртэл эргүүлж чадсан чадварлаг хөрөнгө чинээтэй Солонгосчууд энэ сургуулийг авч явж байна.

Аливаа улс орны нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн их сургууль нь тэр улсдаа хамгийн их нэр хүндтэй, тухайн улс орны мэргэжил боловсролын цөм нь байдаг. Токиогийн Их сургууль, Сөүлийн Их сургууль, Бээжингийн Их сургууль, Москвагийн Их сургууль гээд олныг нэрлэж болно. Харин манайд цаашид Монгол улсын нийслэлээр нэрлэгдсэн их сургууль нь Солонгос хөрөнгө оруулалттай, Солонгос эзэнтэй, Солонгос захиралтай, Солонгос хэл дээр хичээлээ зааадаг, Солонгосчууд багшилдаг, дээр нь Христ-Мүүнийн шашны “Итгэл-Найдвар-Хайр” гэсэн уриатай байх уу? Тэгээд тэр Солонгосчууд бас Монголын боловсролыг олон улсын түвшинд төлөөлж, бид Улаанбаатарын Их Сургуулийнхан байна гээд дэлхийгээр нэг тэнэх үү?

Монголын төр мэргэн, бас тунгалаг байх ёстой. Төрийн “Хар хайрцаг”-ны бодлого гэж ч байх ёстой. Нийслэл хотынхоо түүхэн болоод одоо байгаа нэрээр гадны хөрөнгө оруулалттай сургуулийг нэрлэх болтлоо төрийн бодлого, боловсролын бодлого мухардаж болохгүй.

Хүнд бэрх энэ он жилүүдэд ч гэсэн Улаанбаатарын Их Сургуулийн /Одоогийн МУИС-ийн Улаанбаатар сургууль/ хамт олон шантраагүй бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдан, боловсон хүчин, материаллаг бааз, туршлага, чанарын тодорхой нөөцийг бүрдүүлж, Монголын дээд боловсролын салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, орон зайтай нийслэлийнхээ нэрээр нэрлэгдсэн их сургуулиа хадгалсаар ирсэн юм. Зөвхөн энэ хугацаанд л гэхэд судалгааны сургууль болох зорилгоо хангаж химийн технологи, уламжлалт нано технологи, Хүннүгийн археологийн цоо шинэ нээлт, Монгол судлал зэрэг бодлого болгон хөгжүүлсэн чиглэлүүдээр дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдөхүйц олон чухал ажлыг хийлээ.

Саяхан он солигдох мөчид www.Khunnu.mn веб сайтаар явагдсан “Оны шилдэг их дээд сургууль шалгаруулах” олон нийтийн санал асуулгаар МУИС-ийн Улаанбаатар сургууль 4 112 санал авч тэргүүлсэн нь ч үүний баталгаа мөн. /МУИС 2 600 санал авсан/.

Харин өнөөдөр Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын БШУЯ-ны шийдвэрээр, их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд нилээдгүй өөрчлөлт оруулсанчлан, МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг нэгтгэн 5 том сургууль болгохоор болсон. Гэтэл энэ шийдвэрийн нөлөөгөөр Нийслэлээрээ овоглосон Улаанбаатар сургууль бүр “Алга болох”-р замаа заалгалаа. Учир нь өмнөх салбарын сайд Ё.Отгонбаярын гаргасан хариуцлагагүй, тоомжиргүй буруу шийдвэрийн шууд тусгал нөлөөгөөр Улаанбаатарын Их Сургууль нь МУИС-ийн дотоод бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж, газрын хөрснөөс арчигдахдаа тулаад байна. МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна. Энэ нь нөгөө дээр өгүүлсэн Солонгосчуудад “Том олз” болох нь ойлгомжтой. Ийм зүйл яав ч байж болохгүй.

Тус сургуулийн нийт эрдэмтэн, багш, ажилчид, суралцагчид олон жилийн туршид Улаанбаатарын Их Сургуулийнхаа сургалт эрдэм шинжилгээний олон талт үйл ажиллагааг дэлхийн түвшинд ойртуулахын төлөө зүтгэж, үүнийгээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хэмээн ойлгож, эрхэлсэн ажил үүрэгтээ чин сэтгэлээсээ хандаж ирснийг Монголын ард түмэн, төр засаг мэднэ. Иймээс сургуультай бүхий л амьдралаа холбож, олон мянган мэргэжилтэй боловсон хүчнүүдийг эх орондоо төрүүлсэн багш, мэргэжилтнүүд нь төрөлх сургуулиа авч үлдэхийн төлөө бүхий л боломжоороо тэмцэх л болно.

Тэд Монголын боловсролын салбарт болон МУИС-д явагдах шинэчлэл өөрчлөлтийг огт эсэргүүцээгүй. Шинэчлэгдэх шаардлагатай зүйлс шинэчлэгдэх ёстой биз.

Тэд хуучин шигээ Улаанбаатарын Их Сургууль нэртэйгээр бие даасан тусдаа сургууль болон үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийг л хүсэж байна.

Цаашид Улаанбаатарын Их Сургуулийг бие даасан судалгааны сургуулийн статустайгаар, одоо байгаа удирдлага, эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр нь ШУА-ийн хүрээлэнгүүдийн бааз, тоног төхөөрөмж, лабораториудтай хамтарсан дэлхийн жишигт нийцсэн сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн парк чиглэлээр ажиллуулах бүрэн боломжтой гэж хамт олон нь үзэж байгаа бөгөөд ийм туршлагыг ч  хуримтлуулсан болно.

Иймээс Улаанбаатарын Их Сургуулийн /одоо МУИС-ийн Улаанбаатар сургууль/ бүтэц, сургалт явуулах чиглэл, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, санхүүгийн бие даасан байдал, элсэлт авах мэргэжил, квот, журам, уламжлалыг хэвээр хадгалж, багш ажилчдын одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнийг хөндөхгүйгээр шинэ нөхцөлд ажиллах боломж олгох шаардлагатай байна.

Үндэсний түүх соёлыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогц бодлоготой, шинжлэх ухаанд суурилсан судалгааны их сургууль болж өргөжсөн, Улаанбаатарын Их Сургууль гэдэг улсынхаа нийслэлээр нэрлэгдсэн үндэсний тусгаар тогтнол, оюун санааны хөгжлийн манлайлал болсон энэ брэнд сургуулийн нэр, статусыг булаан авч заавал устгах бодлого явуулах шаардлага байхгүй юм.

Энэ бол нэгэн их сургуулийн хамт олны хувь заяаны асуудал төдийгүй Монголын боловсрол шинжлэх ухааны хөгжил, цаашилбал улс үндэстний амин чухал асуудал гарцаагүй мөн.

Ц.Шагай

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …