Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын “Өвлийн олимп-2014” өдөрлөг ирэх сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжгээр өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Сочи – 2014 – Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох юм.
Энэхүү үйл ажиллагааны үеэр нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2013 оны “Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.