Өнгөрсөн жил нэвтэрсэн орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэд татварын хөнгөлт эдэлж, төлсөн дүнгийнхээ тодорхой хувийг авах боломжтой. Учир нь Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэдэд шинээр орон сууц амьдрах зориулалтаар худалдан авсан бол төлсөн үнийн дүнгээс буцаалт олголт хийдэг юм. Энэ хуулинд заахдаа өөрийн хөрөнгөөр болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр орон сууц авахыг хамруулан тооцдог тул ийнхүү найман хувийн зээл авсан хүмүүс буцаан олголт авах боломжтой ажээ. Татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авах материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл харьяа дүүргийн татварын хэлтэст авч байна.
Материал бүрдүүлэхэд анхааруулахад, найман хувийн зээлд хамрагдан өөрийн хөрөнгөөр, бэлэглэлийн гэрээгээр, банк санхүүгийн байгууллагын хөрөнгөөр 30 хувийн урьдчилгаагаа төлсөн гэдгээ баримтаар нотлох хэрэгтэй ажээ. Түүнчлэн бэлэн мөнгөөр 30 хувийн урьдчилгаа хийлгүй, үл хөдлөх хөрөнгө барьцаалан тооцуулсан бол үүнийг гэрчлэх баримтыг мөн сайтар бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Татвар төлөгч нь шаардлагатай материалаа бүрдүүлсэн бол дээд тал нь гурван сая төгрөгийн буцаан олголтыг авах боломжтой юм.
Хувь хүн бүрийн татвар төлөлтийн хувь хэмжээ, худалдан авсан, банкны урьдчилгаа төлбөр хийсэн байдал харилцан адилгүй тул ямар тохиолдолд хэдэн хувиар тооцож буцаан олголтоо авах талаар дэлгэрэнгүй асуухыг хүсвэл Татварын ерөнхий газар болон дүүргүүдийн Татварын хэлтээс лавлах боломжтой.
ньюс.мн