“Чингис” бондоос санхүүжигдэх төслүүдийн шалгаруулалт 3 сарын 15-нд дуусна

Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд дотоодын үйлдвэрлэл хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ. Импорт орлож, экспорт нэмэх үйлдвэрлэлд “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөс зарцуулахаар төлөвлөж, төслийн саналаа ирүүлж өрсөлдөхийг хувийн хэвшлийнхэнд нээлттэй зарласан юм.

Төслийн саналыг 2013 оны 12 дугаар сарын 23-наас 2014 оны 1 дүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон гурван яаманд хүлээн авлаа. Энэ хугацаанд аж ахуйн нэгж, иргэдээс ЗГХЭГ-т 963, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 100, Хөдөлмөрийн яаманд 45, Барилга, хот байгуулалтын яаманд 43, нийт 1151 төсөл ирүүллээ.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан зээлийн судалгаа, экспертизийн ажлын хэсэг эдгээр төсөлд шалгаруулалт хийнэ. Ажлын хэсгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ахалж, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон Эдийн засгийн хөгжил, Барилга, хот байгуулалт, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Сангийн яамны төлөөлөл орж ажиллана. Гуравдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулалтыг дуусгаж, эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргах юм  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …