Үнэгүйдсэн нүүрс

22_1726-Шүүмжлэл, болгоомжлол хаа хаанаа байгаа ч Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлж чадсан нь ололт байв-

Нүүрсний салбар тэг зогсолт хийж, Эрдэс баялгийн салбарынхан чуулж, төр бодлогоо тодорхойлсон гээд өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбар онцлох сэдвээр дүүрэн байлаа. Ялангуяа эдийн засгийн хүндрэлийг давах гарцаа болгосон уул уурхайн салбар дээшлэх үү гэсэн хүлээлттэй зэрэгцэн шинжээчид энэ жил эдийн засагт зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол байдал уруудаж магадгүй гэх зөвлөгөө өгсөн нь анхаарал татав. Дэлхийн олон орны анхаарлын төвд орж эхэлсэн Монгол Улс гэнэт доройтож эхэлсэн нь уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас 70 хувь нь шалтгаалсан гэх дүгнэлтийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Монголын уул уурхайн салбарын уналт үргэлжилсээр байгаа нь үнэн. Хятадууд нүүрсний үнийг улам бүр хямдруулж, үүнээс болоод Монголын нүүрсний компаниуд сул зогсолт хийхэд хүрсэн.  Долоон их наядын орлого олохоор улсын төсөвт суулгаж, үүний 39 хувийг нүүрсний салбараас бүрдүүлэхээр тооцсон ч найдлага тавьж байсан нүүрсний салбарт асуудал гарсан нь эрх баригчдын тооцож байсан төлөвлөгөөг эвдэж болзошгүй байна. Тиймээс нүүрсний салбарт тусгай бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг сонссон уу , эсвэл үнэхээр цагийн тохироо нь бүрдсэн үү ямар ч байсан  Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт баримтлах бодлогоо тодорхойлсон нь одоогоор онилоод буй ололт гэж хэлж болно.

Нүүрсний салбараас  юу хүлээх вэ?

“Юу ч хүлээх хэрэггүй шүү” гэдгийг “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирлын хэвлэлд өгсөн ярилцлагаас харж болно. Өнгөрсөн оны эдийн засгийн хүндрэл энэ онд ч үргэлжлэх хандлага ажиглагдаж буйг Г.Батцэнгэл дарга шуудхан хэлсэн байв. Нүүрсний салбарын байдал 2014 онд сайжрахгүй гэсэн “мэргэ”-ийг салбарынхан буулгаж байгаагаас харахад Монгол Улс нүүрсний худалдаанаас ихийг хүлээлтгүй нь бололтой. Дэлхийн зах зээл гэхээсээ наана ганц худалдан авагчийнхаа аманд багтчихаж байгаа Монголын хувьд нүүрсээ яаж үнэд хүргэх вэ гэх алсын бодлогогүй явж иржээ гэхэд хатуудахгүй байх. Хятад сайхан аашилбал баялаг нь  үнэд хүрдэг, харин Хятад найтаавал Монгол томуу тусдаг байдал газар авлаа. Чанарын хувьд хэнбугай ч хүлээн зөвшөөрөхүйц илчлэг сайтай коксжих нүүрсээ тонныг нь 35 ам.доллараар зарж байна гэдэг яах аргагүй таагүй мэдээ. Эдийн засгийн үр ашиг муутай байхад салбарын яам нь “Энэ жил 31 сая тонн нүүрс олборлоно” хэмээн дугарсан нь “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэдэгтэй адил сонсогдоод байгаа юм. Энэ 31 сая тонн нүүрсийг яг хэдэн төгрөгөөр зарах вэ гэдэг чухал болохоос үнэтэй, үнэгүй нь хамаагүй гэсэн бодлогоор зарвал ямар ч хэрэггүй. Өнгөрсөн онд нүүрсний салбарт хэрэгжүүлсэн бодлого муугаас болсон уу, экспортод гаргахаар төлөвлөж байсан нүүрснийхээ дөнгөж талыг л манай улс хятадуудад нийлүүлсэн байна. Тэгэхээр энэ онд нүүрсний үнийг хятадууд өсгөхгүй бол Уул уурхайн яамны том мөрөөдөл нурна гэсэн үг. Улсын төсөв дахиад л алдагдал хүлээнэ гэсэн үг.

Бодлого хаа хүргэх вэ?

Олон жил ярьж, маргасны эцэст монголчууд эрдэс баялгийнхаа бодлогыг тодорхойлсон нь эдийн засгийн хүндрэлтэй үед бол сайн мэдээний нэг байлаа. Гэхдээ энэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхээс бүх зүйл хамаарна. Бодлого баталлаа гээд тэр дороо байдал сэргээд ирэхгүй. Тарьсан ногоогоо хэр бордож чадахаас хураах ургацын хэмжээ хамаардагтай яг адилхан. Бороо ороод ногоог маань усалчихна гэж итгээд, тэнгэр ширтэн хүлээж суувал нэг л өдрийн усан бороонд хамаг ургацаа алдана. Тэгэхээр Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсан нь сайн хэрэг ч гэлээ бодлогоо хэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг маш зөв тодорхойлох нь амин чухал асуудал байж таарна. Улсын геологийн зураглал”, “Нүүрс”, “Төмөр”, “Хайлуур жонш”, “Газрын ховор элемент”, “Зэс”, “Түгээмэл тархацтай ашигт малтмал”, “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин” зэрэг дэд хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, богино хугацааны төлөвлөлтөд тусган төлөвлөж ажиллахаар  бодлогод тусгасан байсан. Гэтэл “Хуулийг зөрчөөд ч болтугай мөнгө олоход яадаг” юм гэж ярьж байгаа Сангийн сайдтай улс тэрхүү бодлогоо яаж ч эргүүлж, “манарч” мэдэх. Тэгээд ч салбарынхан нь эрдэс баялгийн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлсныхоо маргааш нь л түүнийгээ баталчихсан гэхээр бас л хуудуутай мэт харагдах.

Энэ мэт шүүмжлэл, болгоомжлол хаа хаанаа байгаа ч үгүйлэгдэж байсан бодлогоо тодорхойлж чадсан нь дахин онцлоход ОЛОЛТ мөн. Тэгэхээр үнэгүйдсэн баялгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө эрдэс баялгийнхныг идэвхитэй ажиллаасай гэсэн хүлээлт нийгэмд үүсч байгааг эргэн эргэн сануулъя.

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №045

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …