Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадралтай ирээдүйн ажил үйлсийнх нь талаар ярилцлага хийснээ толилуулж байна.
-Та Багахангай дүүргийн АН-ын даргаар сонгогдон ажиллаад удаагүй байгаа. Мэдээж намыг удирдаж яваа хүний хувьд маш их хариуцлага оногдож байгаа гэж бодож байна.
-Миний бие Багахангай дүүргийн АН-ын даргын ажлыг аваад хэдхэн хонож байна. Багахангай маань нийслэл Улаанбаатар хотын дагуул хот буюу “Нарны зүг” гэж яригддаг дүүрэг юм. Энэ сайхан дүүргийнхээ АН-ын даргаар сонгогдон ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Мөн маш өндөр хариуцлага гэж бодож байгаа. Юуны өмнө олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Дүүргийнхээ иргэд рүү, намынхаа гишүүд рүү хандсан ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх боломж бололцоо нээгдсэн. Тиймээс хийх гэж санасан, төлөвлөсөн ажлууд их байна.
-Өнгөрсөн жилүүдэд Багахангай дүүрэгт АН гарч байгаагүй гэсэн. Магадгүй, 2016 онд танай нам их итгэл хүлээж байгаа байх.
-Манай нам 1996 онд Иргэдийн хуралд тодорхой хэмжээний суудал авч байсан юм билээ. Ер нь АН ялж үзээгүй дүүрэг л дээ. Өнгөрсөн жилүүдэд магадгүй бодлого нь иргэд рүүгээ илүү нээлттэй байсан учраас МАН гарч байсан байх. Харин 2016 онд ялалт авчрах түүхэн цаг хугацаанд би намын дарга болсон гэж бодож байгаа. 2012 оны орон нутгийн сонгуулиар Багахангайчууд АН-ын төлөө 50,50 хувийн хэмжээнд санал өгсөн. Жагсаалтаар гурван хүн ИХТ болсон. Тэгэхээр энэ нь бидний хувьд ахиц гэж хэлж болно. Одоо манай намын хороо 51 гишүүнтэй. Намын хороонд 25 жил насаараа зүтгэж яваа АН-ын лидерүүд, ахмадууд руугаа хандсан маш олон ажлыг намын зүгээс хэрэгжүүлэн ажиллана. Найз нөхөд, хамт олон маань намайг Багахангай дүүрэгт очиж ажиллахыг санал болгосон. Залуу хүний эрч хүч ямар байдаг вэ, тэрийгээ хэрэгжүүлэн ажиллахыг хичээнэ дээ.
-Сүүлийн жилүүдэд хот, хөдөө, сум, дүүрэггүй их намчирхдаг болсон. Багахангай дүүргийн хувьд?
-Ер нь иргэд маань энэ нам, тэр нам гэж талцахаас илүүтэйгээр бодлогоор явах нь зөв байх. Энэ нь манай төв намаас баримталдаг зарчим л даа. Мөн намын мөрийн хөтөлбөр гэж юм байна. Тэр мөрийн хөтөлбөрөөрөө л уралдах хэрэгтэй. Үнэхээр улс төрд суудалтай намууд маань хоёр талаасаа өөрийн гэсэн бодлогоо нийлүүлээд, тэр бодлого нь иргэддээ нээлттэй байж чадах юм бол тэр нь магадгүй ард түмний амьдрал руу чиглэж чадах байх.Тиймээс гишүүд рүү хандсан ажил бодлогын хэмжээнд явна. Миний хувьд Багахангайчуудыг намаар талцуулах шаардлага байхгүй гэж бодож байна. Би манай дүүрэгт засаг барьж байгаа МАН-ынхаа лидерүүдтэй санал бодлоо солилцож, өөрийнхөө зүгээс санал бодлоо хэлж ажиллах бодолтой байгаа. Түүнчлэн төв намаас гарсан намын бодлого байна. Нийслэлийн намаас гаргасан мөрийн хөтөлбөр, бодлогыг бид нар хэрэгжүүлэн ажиллаж, Багахангайчуудыг түүчээлж ажиллана гэсэн бодолтой байгаа.
-Иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг түлхүү хийж, хэрэгжүүлнэ гэж байна. Багахангай дүүргийн хувьд хамгийн ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай эхний алхам нь ямар ажил вэ?
-Манай дүүргийн намын хорооны гишүүд бид бүхэн бүгдээрээ нийлж, энэ жилийнхээ төсвийг баталсан. Үүнийхээ хүрээнд иргэд рүү хандсан маш олон ажлыг эхнээсээ санаачлан хийж байна. Гэхдээ бид зүгээр нэг олон нийтийн шоу цэнгээний үйл ажиллагаа зохион байгуулах биш. Ерөнхийдөө намын хорооныхоо амин сүнс болсон гишүүд рүүгээ ажиллая, намынхаа дэмжигчид рүү ажиллая, магадгүй бидний эсрэг кноп дарж, бидний бодлогыг шүүмжилж байгаа хүмүүс рүү өөрсдийнхөө бодлогыг тулгаж, өөрсдийгөө ойлгуулж ажиллах бодолтой 2014 оныхоо ажлыг эхлүүлсэн. Энэ цагаан сараас эхлээд маш олон ажлуудыг сар болгон санаачилж хийнэ. Дүүргийг бага хүн амтай гэж үзэж болохгүй. Тэнд бүхий л хүн амьдрах боломжтой нөхцөл бүрдсэн байна. Нийслэлд төвлөрөл хэт их болсон. Машин багтахаа больж байна, машины зогсоолоос эхлээд хэт төвлөрөл дээд цэгтээ хүрсэн. Ер нь 2012-2016, 2020 хүртлэх онуудын засгийн газрын мөрийн хөтөлбөрт Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгоё гэж тусгасан байгаа. Багахангай дүүрэг маань төмөр зам дагасан хөгжиж болохуйц дүүрэг л дээ. Тэр хөгжлийн гарцад ЖДҮ-ийг дэмжих, үйлвэрлэл үйлчилгээ явуулах бололцоо бүрэн бий. Мөн цахилгаан станц, төвийн хатуу хучилттай зам зэрэг бүх зүйл холбогдсон. Тэгэхээр Багахангайчууд нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг саармагжуулах зорилготой ажиллах хэрэгтэй. Ер нь олон улсын жишгийг хараад байхад төвдөө шавааралдах биш, зарим нэгэн төрийн албан хаагч нараар нь жишээ аваад үзэхэд өдөрт 1-2 цаг хурдны замаар явж ажилдаа очдог юм билээ. Тэгэхээр манай Багахангай дүүрэгт эрүүл агаарт хаус бариад орчноо бүрдүүлж амьдрах бүрэн боломж байна.
-Таныг оюутан байхаасаа л АН-ын гишүүнээр идэвхтэй явсан гэж дуулсан.
-Би 2004 оноос хойш Ардчилсан намын гишүүнээр явсан. Намын гишүүн гэдэг бол зүгээр нэг гишүүн байгаад хэрэггүй гэж боддог. Гишүүн гэдэг хүн болгон өөрийн гэсэн намдаа оруулах хувь нэмэртэй байж энэ нам хүчирхэг байна. Тиймээс би намын хорооны гишүүн болж үзье, намын удирдлага болж аливаа зүйлийн түүчээ, туг нь байж үзье гэж нэлээн олон жил төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний туслахаас эхлээд бие төлөөлөгч хүртэл хийж явлаа. Мөн оюутан байхаасаа эхлээд залуус болон, оюутны байгууллагаар явсан. МОХ-ны ажлын албаны даргаас эхлээд үндсэндээ оюутны байгууллага маань намайг олон нийтийн ажил руу хөтөлж өгсөн гэж болно. Ер нь оюутны болон залуучуудын байгууллагаар дамжиж, багийн зохион байгуулалт руу орж ажиллана гэдэг цаашдаа намын бүтэц, бүрэлдэхүүн рүү орж ажиллахад бүрэн бололцоотой болдог юм билээ. Тиймээс бага ч гэсэн олон нийтийн арга хэмжээ, иргэд рүүгээ хандсан санаачлагыг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах арга, ухаан миний хувьд багагүй суусан. Үүнийгээ хэрэгжүүлэн Багахангайчууд руугаа чиглэж ажиллахыг хичээж явна.
-УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгчийн ажлыг хашиж явсан гэхээр таны хувьд багагүй туршлага суусан байх. Магадгүй бусдаас суралцсан зүйл их түлхэц болж өгдөг болов уу?
-Би Ардчилсан хүчний холбооны лидер Гарьдхүүгийн Баярсайхан гишүүний бие төлөөлөгчөөр, мөн Амаржаргал гишүүний туслах менежерээр ажиллаж байсан. Энэ хоёр хүнээс суралцах, туршлага хуримтлуулах боломж их гарсан.
-Оюутан ахуй цагаасаа нийгмийн ажилд идэвхтэй байж, ямар нэгэн холбоогоор явсан залуус маань хэн нэгэн улс төрчийн нөлөөнд автах нь цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хийж бүтээе гэсэн хэдий ч санхүүгийн эх үүсвэрээс болж “худалдагддаг” асуудал гардгийг үгүйсгэхгүй.
– Миний хувьд нөлөөнд автахгүй . Цаашдаа ч тийм замаар ажиллахгүй гэж боддог. Хүн өөрөө өөрийнхөө бодол санаагаар, өөрөө зорьж очиж чадвал тэртээ тэргүй амжилт дагана. Гэхдээ улс төрчид болон ах нарынхаа үгийг сонсолгүй яахав. Хамтарч ажиллаж авахыг нь авч, хаяхыг нь хаях л хэрэгтэй. Энэ намыг хөгжүүлэхэд хүн болгоны хүчин чармайлт, хүн болгоны хэлж байгаа үг үнэтэй. Тэр үгийг нь өөрийнхөө ажил хэрэгт тусгаж хийж хэрэгжүүлээд явах нь зөв байх.
-Залуусыг орон, нутаг руугаа чиглэж ажиллахыг уриалж байгаа. Та хаа байгаа Ховд нутгийн хүү яагаад Багахангай дүүрэгт очиж ажиллах болов. Уучлаарай. Энд бас л нөгөө “нөлөө”-гэсэн асуудлыг асуух гээд байна л даа.
-Би Ховд аймагт төрж, өссөн. Багахангайд би өөрөө зорьж очсон учраас намайг дэмжсэн. Бусдаар хэн нэгний захиалга, татаасаар Галбадрал гэдэг хүн очоогүй. Би өөрийнхөө мөрөөдөлдөө хөтлөгдөн, тэр хүмүүст өөрийнхөө бодол санааг ойлгуулахын тулд Багахангайг зорьж очиж ажилласан. Тиймээс ч намайг дэмжиж байгаа хүмүүс маань хэн нэгний нөлөөнд битгий автаасай гэж бодож байгаа байх. Ер нь гарал угсаа гэж яривал Улаанбаатар хотод 21 аймгийн төлөөллүүд бий шүү дээ. Тийм учраас Багахангайд Ховдын хүмүүс маш олон байна. 21 аймгийн төлөөллүүд тэнд байна. Тэгэхээр бид нутгийн жалга довны асуудлаар хандаж болохгүй. Гэхдээ дассан газрын даавуу зөөлөн гэдэг. Мэдээж нутаг орон, уул, усаа гэлгүй л яахав. Харин нам болон нутаг, усаар нь ялгах нь утгагүй байх.
-Таны хувьд залуу боловсон хүчин, хариуцлагатай ажил хашиж байгаа. Тэгэхээр боловсролын хувьд асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Би Монгол улсын ууган сургуулиудын нэг БХИС-д анх урилгаар очиж суралцсан. БХИС-даа оюутны зөвлөлөөр ажиллаж байлаа. Дараа нь Бизнесийн дээд сургуулийн оройн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоо Удирдлагын академид суралцаж байна. Мөн АНУ-ын Вирижинийн их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр хоёрдох жилдээ мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа. Мэдээж залуу хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой. Хүн ер нь үхэн үхтлээ суралцдаг гэдэг шиг би ямар ч байсан 40 хүртлээ суралцах бодолтой байгаа. /Инээв/
-Намын дэмжигч залуус дотроо “фракци” үүсгэн хуваагддаг. Таны хувьд аль нэг фракцид бий юу?
– Ардчилсан хүчний холбоог би 2010 онд үүсгэн байгуулалцаж байсан гишүүн нь. Одоо удирдах зөвлөлд ерөнхий зөвлөлийн гишүүнээр нь явдаг. Мөн “Шонхор” фракцийн гишүүн. Намын бодлого гэдэг бол зөвхөн улс төрийн фракциас харж болохгүй. Яагаад гэхээр нэгэнт төв намын зүгээс гарч ирж байгаа бүхий л санаачлагыг хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа шүү дээ. Магадгүй хэн нэг нь намын дарга болоход “тэдний фракци, тэрний хүн” гэж ярьдаг. Гэхдээ ямар ч байсан Ардчилсан хүчний холбооны “Монголоо шинэчилье” уриа бол хүн болгоны бодож явдаг уриа. Энэ уриа руугаа бид нэгдэх ёстой. Бид Монголынхоо бүхий л салбарт шинэчлэл хийх хэрэгтэй байгаа. Тэр шинэчлэлийн төлөө залуу хүний гар бие , хүчин зүтгэл хэрэгтэй.
-Төрийн ажил амжуулахаас гадна, нэлээн хэдэн бизнес эрхэлдэг гэж дуулсан юм байна.
-Бизнесийн хувьд анх “Дэвжих гүүр” компанийг үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлсэн түүхтэй. Манай компани засгийн газрын тогтоолоор олон улс, хоорондын тээврийн чиглэлээр байгуулагдсан компани. Одоо би компанидаа ТУЗ-ийн гишүүн нь гэж явдаг. Мөн “Улаанбаатар групп” компанийг саяхан худалдаж авсан. Тус групп маань 50-аад ажилчидтай. 50 хүний ажил, амьдралыг шийднэ гэдэг мэдээж амаргүй асуудал. Магадгүй ирээдүйд манай компани илүү хүчирхэг, өсч дэвжинэ гэж боддог. Цаашдаа төрийнхөө ажлын хажуугаар бизнесийн орчингоо хөгжүүлэх зорилготой ажиллаж байна даа. Ямар ч байсан миний хувьд нэгдүгээрт төрийн ажил маань чухал юм.
-Таныг өнөөгийн нийгэмд хийж бүтээж буй залуусын нэгэн үеийн “түүчээ” гэж боддог. Ямар ч байсан залуу хүн хөдөлмөрч, зорилготой байхад болохгүй зүйл байдаггүй юм байна гэдгийг таны ярианаас анзаарлаа л даа.
-Баярлалаа. Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа залуус маань эрч хүчтэй, хийсэн зүйлдээ тууштай явж чадах юм бол бүгд түүчээ нар байж яагаад болохгүй гэж. Залуусдаа хандаж хэлэхэд бид бүхэн өөрсдөө хичээх ёстой. Залуус бид энэ нийгмийн санаачлагч, түүчээ нар байх ёстой гэж боддог. Миний үеийн залуучууд одоо амьдралын зах зухаас хардаг болсон. Залуусдаа бүгдэд нь амжилт хүсье!
-Ярилцсанд баярлалаа.