Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн 7 хоногийн үнийн танилцуулга.
Махны дундаж үнэ: 2014 оны 1-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7445 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8420 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 70 төгрөгөөр, үхрийн цул мах 1.3 хувиар буюу 125 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 90 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ: 2014 оны 1-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1300 төгрөг, 1-р зэргийнх 700-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо: 2014 оны 1-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцаа 2.5 хувиар буюу 30 төгрөгөөр өсч, харин монгол төмс 3.7 хувиар буюу 35 төгрөгөөр, монгол лууван 4.1 хувиар буюу 55 төгрөгөөр, хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр буурсан байлаа.