Үндэсний их баяр наадмын тухай хууль: 8.3 “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно” Энэхүү хуулийн дагуу улсын алдар цолны болзол биелүүлсэн нэр бүхий 34 уяач /Тод манлай 9, Манлай 9, Алдарт 16/ – ийг ММСУХ-оос Алдарт, Манлай, Тод манлай цолонд тодорхойлон Баяр наадмын комисст өргөн барьсан билээ.
Улмаар баяр наадмын комиссоос 15 хүнийг хасч, үлдсэн 19 уяачийн нэрийг Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн барьсан гэнэ. Одоогийн байдлаар ямар ямар уяачдын нэрс хасагдсан нь хараахан олонд зарлагдаагүй байна. Ямартаа ч дам сургаар бол Баяр наадмын комисс Тод манлайд 5 хүнийг, Манлайд 4 хүнийг, Алдартад 10 хүнийг тодорхойлж явуулсан байна.
Энэ талаар Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны хуралдаан болж нилээн хэрүүл, маргаантай өндөрлөлөө. Учир нь цол олгох ёстой хэмээн үзсэн 19 хүний дотор морь уядаггүй, морины эзэд багтсанд Хотын дарга Э.Бат-Үүл, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нарыг бухамдуулаад авсан байна. Тэдний зүгээс морио өөрөө уядаггүй хүнд цол өгөхгүй. Энэ нь дэвжээнд барилдаж амжилт гаргасан бөхөд биш дэвжээний эзэнд аварга цол олгож байгаатай адил харагдаж байна. Цаашид энэ тогтолцоог засч жинхэнэ морьтой ноцолдож, хөдөө гандаж яваа уяачдад нь цол олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ талаар хотын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Бид энэ хамжлагыг өөхшүүлэх хэрэггүй. Тэртээ тэргүй энэ 19 хүний хэн нь морь уядаг, уядаггүйг бүгд мэдэж байгаа. Төрийн шагнал, цолыг мөнгөөр худалдаж авч байгаа энэ үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.
Харин уяачдын холбооны зүгээс Э.Бат-Үүл даргын саналыг эсэргүүцсэн ба маргаан удаан үргэлжилсэний эцэст Д.Бат-Эрдэнэ, М.Энхболд нарын нэрийг хасах санал гаргасан ч хорооны гишүүд энэ удаа журмаа даган дээрх 19 хүнд бүгдэд нь цол өгөх асуудлыг Ерөнхийлөгчид уламжлахыг дэмжсэн байна.
Уяачдын амжилтыг тодорхойлохдоо морьд нь түрүүлж, айрагдахад олгосон гэрчилгээ, өргөмжлөл, диплом зэрэг албан ёсны бичиг баримт болон тухайн уралдааныг зохион байгуулсан спортын хороодын гаргасан шийдвэр, цувааг үндэслэсэн байхаар журамласан байна.
Монгол Улсын Тод манлай уяач цолонд
– Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, улсын манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ
– Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, улсын манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий
– Завхан аймгийн Улиастай сумын уугуул, улсын манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж
– Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, улсын манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог
– Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын манлай уяач Банзрагчийн Жанчив
Улсын манлай уяач цолонд
– Төв аймгийн Баян сумын уугуул Миеэгомын Энхболд
– Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр
– Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын алдарт уяач Дамбын Хишигжаргал
– Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, улсын алдарт уяач Галбадрахын Баттөмөр
Монгол Улсын алдарт уяач цолонд
-Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлт
-Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Тогтохбуянгийн Лхасүрэн
– Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганзориг
-Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг
-Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Рагчаагийн Ооёо
-Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Пүрэвдоржийн Алтансүх
-Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа
-Ховд аймгийн Дарви сумын уугуул Түвдэнхүүгийн Батцоож
-Дундговь аймгийн Хулд сумын уугуул Бандиагийн Баярсайхан
-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Нанжилцэрэнгийн Даш-Өлзий нарт улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
HIIMORI.mn Б.Ганпүрэв