Гэмтлийн эмч нар хүүхдийн эмчилгээний мөнгөнөөс “завшдаг”

логоУлсын тодотголтой хэдэн эмнэлгүүд тариа хийсэн ч “Гаднаас авч ир” гээд өвч­төнүүдээ гүйлгэдэг нь энгийн үзэгдэл болсон.

Тэгвэл ир­гэдээс “Бүр сүүлдээ өвчин зовлондоо энэлэн, шаналж байгаа бяцхан үрсийнхээ эмчил­гээ­ний төлбөрөөс хумсалдаг болжээ” гэх гом­дол ирсэн юм.

Бид дээрх гомдлын дагуу эхлээд Нийс­лэлийн Эрүүл мэндийн газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал ха­­риуцсан мэргэжилтэн Б.Бадам­ханд­тай уулзсан.

Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас тендерт ялсан бай­гууллагуудаас эм, тариагаа авч, эмнэлгүүдэд тараадаг. Манайх ГССҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчил­гээний стандартыг хариуц­даггүй. Тиймээс эмч нар нь хүүхдийн эмчилгээний төсвөөс мөнгө завшдаг эсэхийг нь мэдэхгүй юм.

Гэхдээ хуулиараа 0-16 нас­ны бүх хүүхэд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй авах ёстой.

Нөгөөтэйгүүр зарим эм­нэлэг шаардлагатай эм, тариагаа авдаггүй. Авлаа гэхэд цаанаас төсөвлөсөн мөн­гөн­дөө тааруулж авч байна.

Жишээлбэл тухайн эмнэлэг жилд 500 хүүхдэд эмчилгээ хийнэ гэж тооцоод эм, тариагаа бэлдчихдэг. Гэтэл хүүхдүүдийн тоо тоо­цооноос нь хол давах то­хиолдол бий. Энэ мэт зүйлээс болж гаднаас эм, тариа авч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч эмнэлэг шаардлагатай эм, тариагаа нөөцлөх ёстой” гэв.

Ингээд бид “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Тү­лэнхийн төвийг зорьсон юм. Тус эмнэлгийн гурав­дугаар давхарт Түлэнхийн төвийн хүүхдийн тасаг байрлах бөгөөд 0-5 насны 48 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн тав нь Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

Тус төвийн эмч нар эмч­лүүлэгч хүүхдүүдийн эцэг, эхээр шаардлагатай бүхий л эм, тариаг гаднаас авахуулдаг гэнэ. Гэтэл хуу­лиараа 0-16 насны бүх хүү­хэд эмнэл­гийн тусламж, үйл­чилгээ үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг.

Энэ талаар Түлэнхийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргил “Бид эцэг, эхчүүдээр шаардлагатай эм, тариаг авахуулдаг.

Учир нь манай төвийн эм, тарианы хангамж муу байдаг. Угаасаа гаднаас худалдаж авахаас өөр арга байдаггүй. Нэг хүүхдийн эцэг, эх дор хаяж 1.5-4.2 сая төгрөгийн эм, тариа худалдаж авдаг” гэсэн юм. Ингээд бид тус төвийн хүүхдийн тасгийн сахиуруудаас зарим зүйлийг тодрууллаа.

Ж.Чулуундорж: Өдөрт 600-700 мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг

 -Хүү тань хэдэн настай вэ. Ирээд хэр удаж байна?

-Хоёр ой таван сартай. Энд ирээд яг нэг сар болж байна. II зэргийн түлэгдэлтэй ирсэн.

-Хүүгийн тань эмчил­гээнд шаардагдах эм, тариаг эмнэлгээс гаргаж байгаа биз дээ?

-Үгүй ээ. Ганц би ч биш энд хэвтэн эмчлүүлж бай­гаа бүх хүүхдийн эцэг, эх эмчилгээнд хэрэглэх эм, та­риагаа гаднаас худалдаж авдаг.

-Бүх эм, тариаг уу?

-Эмнэлгээс зөвхөн хорд­лого тайлах зэрэг ойр зуу­рын эмчилгээний зүй­лийг гаргадаг. Бусад бүх эм, та­риаг өөрсдөө худал­даж авдаг. Наад зах нь тү­лэг­дэлт­тэй хүүхдийн эм­чил­­гээнд хэ­рэглэдэг мөнгөжүүлсэн тос, уураг зэр­гийг өөрсдөө л гаднаас авдаг.

-Тэр нь ямар үнэтэй байдаг юм бэ?

-Доод тал нь 200 мянган төгрөг. Уураг л гэхэд 290 мянга гэдэг. Өдөрт хоёрыг худалдаж авдаг.

-Өдөрт эмчилгээний эм, тарианд хэчнээн төгрөг зарцуулдаг гэсэн үг вэ?

-Хүү маань сэхээний тасагт 16 хоносон. Тэр үед өдөрт 600-700 мянган төг­рөгөөр эм тариа авдаг байсан. Одоо бол харьцангуй гайгүй байна. Бид эмч нарын хэлсэн эм, тариаг л авч ирдэг. Тэд “Та нар хэлсэн эм, тариаг авч ир. Бид хүүхдийг чинь эрүүл чийрэг болгож өгнө” гэж хэлдэг.

Г.Батцэнгэл: Нялх амьтныг эрүүл болгож байвал мөнгө төгрөг ч яах вэ

 -Ач охин тань Тү­лэнхийн төвийн хүүхдийн та­сагт хэвтээд хэр удаж бай­на. Хэдэн настай юм бэ?

-Өнгөрсөн арванхоёр­дугаар сард гурван нас хүрсэн. Эмнэлэгт хэтээд хагас сар болж байна.

-Биеийн байдал нь ямаршуухан байна вэ?

-Гайгүй ээ. Анх түлэгдэлтийн III зэрэгтэй ирсэн.

-Эм, тариагаа хаанаас авч байна?

-Гаднаас.

-Яагаад?

-Мэдэхгүй ээ, хөдөөний хүмүүс болохоор нь юм мэ­дэхгүй гэж боддог байх. Ийм ч эм, тийм ч тариа олж ир гээд бичиг өгөх юм. Уг нь хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх ёстой биз дээ.

-Тийм ээ. Улсаас 0-16 насны хүүхдийг үнэ төл­бөргүй эмчлэх ёстой?

-Харин тийм л баймаар юм. Тэгээд ч болоогүй нөгөө авч ир гэсэн эм, тариагаа заавал өөрсдийнхөө эмийн сангаас ав гэдэг.

-Ач охиныхоо эмчилгээ­ний зардалд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?

-Мэдэхгүй ээ, сүүлдээ тоогоо алдсан. Энэ жаахан амьтныг эрүүл л болгож байвал бусад нь яах вэ. Хамаатан садан, найз нөх­дөөсөө мөнгө зээлээд л явж байна. Эхлээд эрүүл болго­чихвол дараа нь хүмүүсээс зээлсэн өрөө төлнө дөө.

-Өдөрт дунджаар хэч­нээн төгрөгийн эм тариа худалдаж авч байна вэ?

-Доод тал нь 300 мянган төгрөг шүү дээ.

Ингээд бид дээрх асууд­лыг тодруулахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорьсон юм. Харам­сал­тай нь тус төвийн эмч, мэр­гэжилтнүүдэд учир байд­­лаа хэлж тайлбарласан ч ярилцлага өгөхөөс эрс татгалзав.

Тэр ч байтугай тус тө­вийн Ерөнхий за­хирал Ц.Энхбаярт уулзах хү­сэлт тавьсан ч биднийг хал­гаасангүй. Тэрбээр нарийн бичгээрээ дамжуулан “Би завгүй байна. Наад асуудлаа Х.Бат-Ирээдүй захирлаас тодруул. Юу хэлэхийг нь заагаад өгчихсөн байгаа” гэсэн юм.

Улмаар тус төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд за­хи­рал Х.Бат-Ирээдүйг өрөө­нийх нь гадна 30 минут хү­лээсний эцэст дараах зүй­лийг тодруулав.

Х.Бат-Ирээдүй: Гаднаас ямар ч эм, тариа авахуулах ёсгүй

-“Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Түлэнхийн тасгийн эмч нар 0-16 насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах эм, тариаг эцэг, эхчүүдээр нь авахуулж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хаанаас ийм мэдээлэл авсныг чинь мэдэхгүй юм. Яг одоогоор гаднаас эм, тариа авдаг эсэх талаар эмнэлгийн удирдлагуудад мэдэгдсэн зүйл алга.

-Яагаад мэдэхгүй гэж. Түлэнхийн тасгийн эмч нар хүртэл 0-16 насны хүүх­дийн эмчилгээнд шаар­даг­­дах эм, тариаг гаднаас ху­далдаж авахуулдаг ту­хай­гаа хүлээн зөвшөөрч байхад уу?

-Мэдэхгүй.

-Яагаад?

-Эцэг, эхчүүдээр нь гаднаас эм, тариа авахуулдаг гэж анх удаа л сонсож байна. Гэхдээ өвчтөний ар гэ­рийнхэн нэмэлт эмчилгээ хийлгэх үүднээс гаднаас эм, тариа оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Тухайн өвчтөн ор болон хоногийнхоо мөн­гийг төлөх ёстой.

Харин эмчилгээнд зориулж гаднаас ямар нэгэн зүйл худалдаж авах ёсгүй.

Бидний яриа ийнхүү өндөрлөв. Дахин хэд хэдэн асуулт тавьсан ч тэрбээр ха­риулахаас татгалзлаа. Тиймээс тус эмнэлгийн Хүүх­дийн гэмтэл, сого­гын тас­гийн эрхлэгч Б.Жаргал­сайхантай уулзаж, хүүхдийн эмчилгээнд зориулж эцэг, эхчүүдээр эм, тариа авахуул­даг эсэхийг нь лавласан юм.

Б.Жаргалсайхан: Бид эцэг, эхчүүдээр гаднаас эм, тариа авахуулдаггүй

  -Танай тасагт жилд хэч­нээн төгрөг төсөвлөгдсөн бэ. Түүний хэдэн төгрөгөөр нь эм, тариа худалдан авдаг вэ?

-Мэдэхгүй. Учир нь тасаг бүрт нь мөнгө төсөвлөдөггүй. Нэгдсэн журмаар нэг төсөв батлагддаг. Бид өгсөн эм, тарианыхаа хүрээнд л эмчилгээгээ хийдэг.

-Эм, тарианы хүрэлцээ ямархуу байна?

-Бид ийм эм, тариа дутагдалтай байна гээд гад­наас авахуулдаггүй. Манай тасгийн бүх эмчилгээ үнэ төлбөргүй хийгддэг. Харин шаардлагатай, өвөрмөц эмчилгээнүүд болох нохойд хазуулсан болон могойд хатгуулж ирсэн хүүхдэд ту­хайн үедээ эмнэлэгт байхгүй эм, тариаг гаднаас авдаг.

-Уг нь 0-16 насны бүх хүүхдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүү­лэх ёстой. Гэтэл хүүхдээ эмч­лүүлж байгаа эцэг, эх­чүүд шаардлагатай эм, та­риаг гаднаас авдаг. Тэд эмийн сангаас авсан эм та­рианыхаа баримтыг авч ир­вэл тухайн мөнгийг нь буцааж олгох боломж бий юу?

-Наадахыг чинь дарга нар л мэдэх байх. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ту­хайн өвчтөн 400 гаруй мянган төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй авна гэсэн заалт бий шүү дээ.

-Тэгэхээр эмчилгээний зардал хуульд зааснаас хэ­тэрчихвэл эцэг, эхчүүд нь төлдөг гэсэн үг үү?

-Энэ талаар ярихгүй.

-Яагаад?

-Нэгдүгээрт наад асууд­лыг чинь мэдэх­гүй. Хоёр­дугаарт би хариул­мааргүй байна.

-Уучлаарай та мэдэхгүй биш хариулах дургүй бай­гаа юм биш үү?

-Та нар ямар сонин юм бэ. Бид бүх хүүхдэд Эрүүл мэндийн даатгалаар нь үнэ төлбөргүй үйлчилдэг. Гад­наас эм, тариа авахуулаад байдаггүй гэж хэлээд байна.

-Гэхдээ та сая нохойд хазуулж, могойд хатгуулсан хүүхдийн эм, тариаг гаднаас авахуулдаг гэсэн шүү дээ?

-Тийм ээ, гаднаас авахуулдаг.

-Мөнгийг нь буцааж олгодог болов уу?

-Иргэд эмнэлгээс 10, 20-хон мянган төгрөг авах гэж тэр бүр хөөцөлдөөд байдаггүй.

-Хөөцөлдөөд явлаа гэхэд яах вэ?

-Насанд хүрэгчдийн тас­гуудаар л тийм зүйл байдаг байх. Хүүхдийн тасагт лав байхгүй.

-Гэхдээ гаднаас эм, тариа худалдаж авсан мөнгийг нь нөхөж олгох ёстой биз дээ?

-Мэдэхгүй.

-Энэ асуудлыг хэн мэдэх вэ?

-Уучлаарай, хариулахгүй байж болно биз дээ.

-Тийм ээ, тэр таны эрх шүү дээ?

-Тэгвэл би хариулахгүй.

Эрүүл мэндийн тухай хуульд 0-16 насны хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ гэд­гийг мэддэг ч бодит бай­дал дээр нэг эмнэлгийн ажилчдын хариулж байгаа нь тухайн эмнэлгийн үйл ажиллагаа ямар байгааг илтгэж буй юм. Бид энэ удаа дээрх эмч нарын ярилцлагыг ямар ч нэмэлт, хачиргүйгээр хүргэлээ. Үргэлжлүүлэн хүүх­­дэд эргүүлж олгодог эм, та­рианы төлбөрийг ГССҮТ-ийн эмч нар хэрхэн завш­даг талаар дэлгэх болно.

Үргэлжлэл бий… Б.Төрбат

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …