Луис Суарэз 2013 онд Ливэрпүүлийн улаан өмсгөлтэй нийт 33 удаа талбайд гарахдаа, 33 гоол оруулсан нь рекорд амжилт болсон байна. Тодруулбал, түүнээс өмнө Ливэрпүүлийн ямар ч домогт довтлогчид тоглосон тоглолттойгоо тэнцүү тооны гоолыг оруулж байгаагүй юм.
Түүний хувьд 2013 он хэзээ ч мартагдахааргүй өнгөрсөн болов уу. Өнгөрсөн 4 -р сард Чэлсигийн тоглогчийг хазсан үйлдлийнхээ төлөө 10 тоглолтоор торгуулснаас гадна өнгөрсөн зуны турш багаа орхино хэмээн хөгжөөн дэмжигчдээ гомдоогоод амжсан. Энэ бүхний дараа тэрээр Ливэрпүүлд үлдэж, торгуулиа дуусгасны дараа хэрхэн тоглох бол гэдэг олны анхаарлын төвд байлаа.
Гэсэн ч тэрээр юу ч болоогүй мэт эргэн ирэлтийг хийсэн бөгөөд эхний тоглолтоороо л хүмүүсийн эргэлзээг тайлж эхэлсэн. Оны төгсгөлд тэрээр гайхалтай формтой байж, гоолын бороо оруулж байснаас гадна багтайгаа гэрээгээ удаан хугацаагаар сунгасан билээ.
Луисийн Ливэрпүүл дэх амжилт жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч өөрийн амжилтаа бататган ахиулсаар байх биз ээ.
О.Амарсайхан