2014-2015 онд сэтгэл, оновчтой зохицуулалт, хамтын хариуцлагаар утаатай тэмцэнэ

5117flulwmdrШинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан үйлдвэржилтийн төслийн дүн мэдээллийг өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Энэ ажлыг анхнаас нь ил тод, нээлттэй явуулахыг чухалчилж байна. 2013.12.23-наас 2014.01.17-ны 17:00 цаг хүртэл төслийн санал хүлээн авч, төслийн жагсаалтыг 2014.01.22-нд www.zasag.mn-д нээлттэй мэдээлсэн.

Нийт 1151 төсөл хүлээн авснаас 500 сая төгрөгөөс бага үнийн саналтай 381, 500 саяас 50 тэрбум төгрөгийн саналтай 728, 50 тэрбумаас дээш дүнтэй 30 төсөл байна. Хамгийн бага үнийн санал 8.2 сая, хамгийн өндөр дүнтэй санал 650 тэрбум төгрөг байгаа бол үнийн дүн тодорхойгүй 12 төсөл иржээ.

Үйлдвэржилтийн төсөлд 1 их наяд төгрөг зарцуулахаа Шинэчлэлийн Засгийн газар мэдэгдсэн. Харин эдгээр төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн санал 9.8 их наяд төгрөг болж байна.

Төслүүдийг чиглэлээр нь ангилбал, импортыг орлох үйлдвэрлэлийн 899, экспортыг дэмжих 77, зарласан чиглэлд хамаарахгүй 175 төсөл иржээ. Салбарын хувьд, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн санал голлосон байна. Нийт төслийн 50 шахам хувь нь шинээр эхлэх, 25 хувь нь өргөжүүлэх, үлдсэн нь эхлэлийн шатандаа яваа үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. /Төслийн танилцуулгыг энд дарж үзнэ үү/

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг урьдчилсан үнэлгээ, шинжилгээ хийж байна, шалгаруулалтын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байх болно гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Утаатай тэмцэх чиглэлээр 2014-2015 онд хийх 10 гол ажлаа өчигдөр олон нийтэд танилцуулсан, бүх ажлыг эзэнжүүлж хариуцлагажуулах, явц үр дүнг иргэд шууд хянах боломж бүрдүүлэхэд анхаарч байна. Тэрбум тэрбумаар хэмжигдэх их дүнтэй мөнгөөр биш сэтгэл, оновчтой зохицуулалт, хамтын хариуцлагаар утаатай хийх тэмцлийг үр дүнд хүргэнэ гэж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэллээ.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг валютын ханшийг тогтворжуулах бодлого удахгүй үр дүн өгнө. Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилт ч үүнд чиглэсэн цөм бодлого юм гэлээ. Бүх аймагт 1000-аас доошгүй айлын орон сууц барих нь энэ жилийн бүтээн байгуулалтын нэг онцлог. Нийслэлд өнгөрсөн онд 21 мянган айлын орон сууц боссон бол энэ жил дээрх тоо нэмэгдэнэ гэлээ.

Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу гаргасан “Самурай” бондын талаарх сэтгүүлчдийн асуултад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хариулт өгсөн юм. 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн дүнтэй энэ бондын 24.3 тэрбум нь энэ оны 1 дүгээр сарын 6-нд шилжин орж ирээд байна. Үүнээс 5.7 тэрбумыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас гаргасан баталгааны шимтгэлд төлсөн. Энэ нь 10 жилийн хугацаанд ганц удаа хийх төлбөр тул цаашид зөвхөн хүүгээ төлөөд явна. Бусад эх үүсвэртэй харьцуулахад “Самурай” бондын хүү харьцангуй бага, жилд дунджаар 4.4 сая ам.долларыг хүүгийн төлбөрт өгнө. Харин зээлийн үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 10 жилийн дараа нэг дор буцааж төлнө гэж Н.Мөнхбат захирал хэлжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …