СОКРАТ /Socrates, МЭӨ 470-399/
Намтар: Өнөөгийн системтэй шинжлэх ухааны мэдлэгийг үндэслэгч, Сонгодог философийн анхны төлөөлөгч тэрээр уран барималч, зураач эцэг Сопрониск, эх баригч ээж Пайнарэтийн хүү болон МЭӨ 470 оны үед Афинд төржээ. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон ажиглаж ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж, олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Дайн тулааны үед гарамгай зориг грагаж, тулааны талбарт шархдсан найз Алцибиадесийг өөрийн амь насаа үл хайрхан аварч байсан гэдэг. Аав, ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Царай муутай, намхан тагжгар биетэй, богинохон хүзүүтэй, том халзан толгойтой, өргөн гялгар духтай, сартгар хамар, пэмбэгэр нүүртэй, хялардуу нүдтэй, өмссөн зүүсэндээ огт анхаарал хандуулдаггүй хүн байсан хэдий ч тэрээр 2 удаа гэрлэсэн ажээ. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар “Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно” хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна. Мөн түүнийг олон тооны нууц амрагтай байсан ба үүнийгээ буруу зүйл гэж боддоггүй нь хожмоо түүнийг шүүхээс яллах нэг үндэслэл болжээ.
Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтоо бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. “Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бусыг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга” түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг ойлгож болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа.
Түүнийг төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа цэнгэл наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй боловч огт согтдоггүй, нэлээдгүй шооч эр байсан гэж ном зохиолд бичжээ. Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна. Сократ чулуугаар урладаг мэргэжилтэй байсан ч үүнийгээ хийдэггүйн дээр хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Тэрээр өөрийгөө үргэлж философич хэмээдэг байжээ. Тэрээр Афинд төрж өсөн бүхий л амьдралаа өнгөрүүлж хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг. Түүнийг Афины шүүх буруутгахдаа залуучуудын буруу үйлд уруу татсан, бурханд шүтлэггүй, шинэ бурханы тухай үзлийг бусдад ухуулсан гэдэг үндэслэлэр буруутган алах ялаар шийтгэжээ. Гэхдээ сонирхолтой нь гэвэл 70 настай Сократ хэрэв шүхийн өмнө уучлал гуйсан бол түүнийг цагаатгаж болох байсан атал, тэрээр харин ч шүүгчдийг буруутган, өндөр настан намайг яллахын оронд шагнах хэрэгтэй хэмээн “зөрүүдлэжээ”. Үзэл баримтлалаасаа няцах уу, эсвэл үхлээс айн амьд үлдэх үү гэдэг асуудал түүнд тулгарчээ. Өөрийн үзэл санаанаас няцна гэдэг түүний хувьд амьдралаас, мөн түүний утга санаанаас ухарна гэсэн үг байжээ. Тийм ч учраас тэрээр үхлийг сонгожээ. Түүнд шүүхээс оноосон ялыг сарын дараа хэрэгжүүлэх байсан ба түүний шавь, ойр дотныхон нь Сократыг зугтаалгах гэсэнд, тэрээр өөрөө зугтахаас татгалзаж, өөртөө хор найруулуулан ууж насан эцэслэсэн ажээ. Түүний хүсэлтээр уух хорыг найруулж байсан нэгнийг Сократ удаж байна гэмээн загнахад, цаадах нь: “таныг энэ хорвоод дээр амьд байх хугацааг жаахан ч гэсэн уртасгах гэж би мэрийж байна гэхэд, Сократ инээвхийлэн, энэ хорвоод амьдрах цаг маань дууслаа, одоо үхэж үзэж цаг маань ирлээ, үхэх гэж яарч байхад намайг энэ амьдралд битгий удаа” хэмээн хэлсэн гэдэг. Тэрээр амьдралынхаа туршид нэг ч ном бичээгүй бөгөөд ном бичиж үлдээхийг сайшаадаггүй байв. Хожим нь түүний шавь Платон багшийнхаа яриаг, үзэл санааг нь хойч үеийнхэнд хүргэсэн ажээ.
Үзэл санаа: Сократын философид юуны хүний тухай асуудал чухал байр суурь эзэлдэг. Хүн бол хамгийн гол нь ёс суртахуунлаг чанартай. Тэрээр харилцан ярилцлага, асуулт, хариулт, маргааныг танин мэдэхүйн гол эх сурвалж болгодог байв. Хэдийгээр тэрээр үргэлж би юу ч мэддэггүй гэдэг байсан чмэдлэгт хүрэх бололцоо үгүй гэж үздэггүй байсан. Хүний хамгийн чухал үйл хэрэг бол мэдлэг олж авах явдал. Мэдлэггүй байх нь хүнийг нүгэл үйлдэхэд хүргэдэг, нүгэл хийх гол шалтгаан нь харанхуй бүдүүлэг явдал. Эндээс бид сайн үйлд хүрэхийн тулд мэдлэгтэй байх ёстой, тэгэхлээр сайн үйл бол мэдлэг юм гэх мэтээр тэрээр үзэж байжээ. Сократ бусдаас асуулт асууж, түүндээ хариулт авах замаар буюу үнэнийг тодруулахыг зорьдог байв. Өөрсдийгөө их зүйл мэддэг гэж боддог хүмүүсээс Сократ энгийн хялбар асуултууд тавьж эхлээд аажмаар асуултаа хүндрүүлэн цаад хүнийхээ мэдлэгийн цараа нимгэн болохыг илчилчихдэг “ёжлол” гэмээр аргыг хэрэглэдэг байжээ. Ингэж тэрээр өөрсдийгөө их зүйл мэддэг гэж боддог хүмүүсийг илчлэхэд хамаг анхаарлаа хандуулсан ажээ. Харилцан ярилцлагын явцад ярилцагчдад үнэнийг олох эрмэлзлэл төрөх бөгөөд энэ бол “шинэ хүн төрүүлэгч эх баригчтай адил” /түүний ээж, эх баригч байсныг санаарай/ гээд энэ арга майевтик гэж нэрлэсэн байна. Майевтикийн гол зорилго бол ямар нэг үзэгдлийг бүх талаас нь авч үзээд ойлголт тодорхойлот өгөх буюу харилцан ярианаас үнэнийг төрүүлэх явдал юм. Ойлголт, тодорхойлолтгүйгээр мэдлэг байж болохгүй. Ойлголт үүсэхийн тулд нэгжээс ерөнхий рүү шилжих байдлаар ярилцлагаа явуулна. Гэвч эцсийн бүрэн гүйцэт тодоройлолтод хэзээ ч хүрч чадагүйгээ ойлгоход, хүн юу ч мэдэж чадагүйгээ сая л ухаардаг. Өөрийгөө танин мэднэ гэдэг бол “мэдэхгүй гэдгээ мэдэх” явдал гээд,, жинэхэн мэдлэгийг мэдэх, судлах хүсэл эндээс л төрдөг гэжээ.
Хүн өөртөө санаа тавина, өөрийгөө танина гэдэг бол ёс суртахууны хувьд болон оюун санааны хувьд өөрийгөө төгөлдөржүүлнэ гэсэн үг. Өөрийгөө төгөлдөржүүлэх нь эд баялаг, алдар нэр хөөцөлдөх явдал огт биш тул, ийм үйл хэргээс татгалзах хэрэгтэй. Тухайн үедээ грек даяар алдаршаад байсан софистуудын ашиг тустай үйл үнэн байх тухай үзлийг тэрээр няцааж байв. Сократтай нэг цаг үед амьдарч байсан Софистуудад Сократ анхнаасаа сайн хандаж байгаагүй бөгөөд тэднийг ухаанаас илүү мөнгө, орлого боддог хүмүүс хэмээн жигжин үздэг байжээ.
Онч үг:
– Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ
– Ганцхан бурхан буй, тэр бол мэдлэг, ганцхан чөтгөр бу, тэр бол харанхуй бүдүүлэг байдал
– Улс төрийн бүлэглэлийн /намын/ мухар сүсэгт хүлэгдсэн ямарч хүн өөрийн шударга үнэнч чанар, бие даасан байдлаа удаан хадгалж чадахгүй
– Амьдралын утга учрыг мэдэхгүй байж амьд явах хэрэггүй
– Бурханд таалагдсан зүйл бүхэн ариун юмуу, бурхан ариун зүйлийг таалдаг юм уу
– Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
– Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.
– Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
– Аятайхан хувцаслахыг хичээ. Гэвч хэтэртэл бүү гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хүний зан. Ганган байх нь илүүц хэрэг.
– Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга.
– Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
– Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.
– Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь.
– Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог.
– Найз нөхдөөсөө хэр үнэтэй вэ гэдгээ байнга эргэцүүлж, аль болохуйц үнэтэй байхыг эрмэлзэгтүн. Тэгвэл танаас хэн ч урвахгүй.
– Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хичнээн аюултай байх тусмаа аятайхан санагддаг хор юм.
– Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл.
– Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
– Сэтгэлийг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
– Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би гимнастик хийдэг.
– Зөвхөн мэдлэгтйэ хүмүүс л засгийн эрхэнд байх ёстой.
– Мөнгөнөөс сайн үйл төрдөггүй, харин сайн үйлсээс мөнгө олох явдал зөндөө тохиолдог.
– Хоолны хамгийн сайн хачир бол өлсөх
– Агуу хүн болох түлхүүр бол бодит амьдрал дээр байгаагаараа байх явдал
Ц.Мөнх