Азийн улс орнууд Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг
Монголчууд Цагаан сарыг намар цагт сүү цагаан идээний баяр болгон тэмдэглэж байсан түүхтэй. Харин Чингис хааны ач хүү Хубилай хаан Цагаан сарыг хятад зурхайн дагуу өвлийн сүүлчээр хаврын эхэн сарыг угтах баяр болгон өөрчилжээ.
Ази тивийн улс орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол, Буриад, Халимаг, Хятадад Цагаан cap, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур, Бруней зэрэг улсад сарны тооллын Шинэ жилийн баяр гэж тэмдэглэдэг байна.
Буриад. Буриадууд Сагаалган буюу Цагаан сараа гурван хоног тэмдэглэдэг. Энэ үеэр Сүм хийдүүдэд өглөөний зургаан цаг хүртэл хурал хурж, хүмүүс мөргөл үйлддэг аж. Цагаан сарыг цагаан идээ, цэвэр хиргүй сэтгэлээр угтдаг бөгөөд баяраар гэр бүл, хамаатан садныдаа зочилдог. Цагаан сарын үеэр буриад үндэсний буузаа хийдэг. Буриадууд мөн монголчуудтай адилхан ахмад настнаа хүндэтгэн золгодог.
Хятад. Хятадын Цагаан cap нь манай Цагаан сартай ойролцоо болдог. Хамгийн том баяр болох Хятадын Цагаан cap нь 15 хоног үргэлжилдэг юм. Орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэрээ болон гудамж талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг байна. Гэр бүл, хамаатан саднаараа цугларахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйд хийсэн «азын мөнгө»-ийг хүүхдүүдэд өгдөг аж. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг юм. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.
Өмнөд Солонгос. Өмнөд солонгосчууд мянга мянган жилийн өмнөөс сарны тооллоор Шинэ жилээ угтаж ирсэн уламжлалтай. Хамгийн том, чухал баярын нэгд тооцдог энэ баяраараа солонгосчууд гурав хоног амардаг. Төрөл төрөгсөд нэг газарт цугларч, бие биедээ бэлэг өгдөг бөгөөд гахайн мах, загас, жимс, будааны жигнэмэг зэрэг зоог бэлтгэдэг гэнэ. Ихэнх гэр бүлүүд Seollal баярын хоол хүнсэнд 200-300 мянган вон зарцуулдаг гэсэн тооцоо байдаг аж. Баярын бэлэг худалдан авах нь солонгосчуудын хувьд том ажил байдаг гэнэ. Хүн орхоодой, зөгийн бал, иллэг эмчилгээний эрхээс эхлээд саван шампунь, хатаасан загас, будааны жигнэмэг, жимс зэргийг бэлгэнд өгөх нь элбэг юм байна.
Вьетнам. Вьетнамчууд сарны тооллын Шинэ жилийн баярыг МЭӨ 500 оноос хойш тэмдэглэж байгаа гэж үздэг. Tet Nguyen Dan баяраар гурав хоног амарч, ах дүү хамаатан саднаараа цуглардаг байна. Вьетнамчууд ирэх жилээ зөв эхлэхийн тулд өрөө төлж, муудалцсан хүнтэйгээ эвлэрч, шинэ хувцас өмсдөг зэрэг ёс заншилтай нь монголчуудтай адилхан аж. Баяраар завины уралдаан, лууны бүжиг болдог гэнэ. Уламжлалт луу нь Вьетнамд эрүүл мэнд, эд баялгийг бэлгэддэг юм. Түүнчлэн баярын үеэр үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй гэр бүлийн тухай ардын үлгэрийн зургийг айлууд гэртээ өлгөдөг гэнэ. Үлгэрт нэгэн хосыг хаан шийтгэж, голын хоёр эрэгт тусад нь байлгах бөгөөд жилд ганц удаа хар галуунууд голын дээгүүр гүүр болох үед эргэж нийлдэг байна. Тэд бие биеэ санаж уйлсан нулимс нь бороо болж ордог хэмээн үлгэрт гардаг аж.
Камбож. Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.
Тайланд. Тайланд улс Шинэ жилээ Камбожтай адил дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Ургацаа хурааж дуусаад баярлах баяраа тайчууд Songkran гэж нэрлэдэг гэнэ. Тайчууд Songkran баяраа зургаан хоног, зарим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг байна. Баярын хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биенээ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь Шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой гэнэ.