У.Гаваа: Намайг улихаар чоно хажууд давхиад ирдэг

Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах аяны хүрээнд Соёл, Спорт аялал жуучлалын яам өнгөрсөн онд 4 сарын хугацаатай аян зохион байгуулсан юм. Энэхүү аяны хүрээнд Хархорин сумын музейн хамт олон ажлын хэсэг гаргаж Хархорин сумын иргэдийн дунд судалгаа явуулж соёлын биет бус өвийг өвлөн тээгч нараа судлан авьяаслаг хүмүүсээ тодруулжээ. Соёлын бие бус өвөө хайрлан хадгалж яваа ахмад буурлуудаа ил тод зарлан авьяасыг нь хойч үедээ таниулан өвлүүлэх зорилготой аж. Тэдгээр хүмүүсийн нэг нь Уушаагийн Гаваа гуай. Тэрбээр ульж чоныг дуудан ирүүлдэг бөгөөд унтуулж агнадаг. Энэ өвөөгийн талаар анх сонсоод ихэд гайхсанаа нуугаад яахав. Учир нь би чоныг дуудаж агнадаг хүний тухай урьд өмнө нь сонсож байгаагүй билээ. Ингээд өвөөтэй хууч хөөрснөө уншигч авхай таньд хүргье.

Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцана уу?

-Би 1936 онд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Тэгээд 1960 оноос эхлээд Улаанбаатар хотод автозамын газар 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан юм. Би өсөх наснаасаа эхлээд л ан гөрөө хийх их дуртай байлаа. Тэтгэвэрт гараад л илүү ан авлахад их зүтгэлтэй гар бие оролцсон. Чоныг дуудаж, унтуулан агнах дадлагад суралцаж эхэлсэн юм. Олон жил хүмүүс дагуулж чоныг агналаа.

-Чоныг ямар аргаар дууддаг юм бэ?

– Залуу байхдаа би ханцуйлж их дууддаг байсан. Ингээд л дуудахаар ойрхон байгаа чоно хүрээд л ирдэг. Хол зайтай байгаа чоныг эвэр ашиглаж дуудах болон хоолойгоо цуурайтуулан дууддаг юм. Чоно дуудахад ямар утгатай вэ гэхлээр би энд байна, та нар хаана байна гэдэг. Тэр газраасаа над дээр ирэхгүй юу гэсэн утгаар дуудна. Тэгээд л намайг улихаар ирдэг байгаа. Харин олон хүнтэй нийлж явж байгаад улихаар ирэхгүй болчих тохиолдол бий. Тэгэхээр нь тэр байгаа газар нь хол явуулахгүй унтуулах арга хэрэглэдэг. Ингэж л ан гөрөө хийж явлаа.

-Танай удамд чоно дуудаж агнадаг хүн байсан уу?

-Үгүй байгаагүй. Би автозамын газар ажиллаад 32 жил болсон. Ингээд тэтгэвэртээ гарсан. Манай нэг хүү одоо чоно агнадаг юм. Гэхдээ тэр дуудаж, унтуулж агнадаггүй. Бусад анчид чоно дуудахад суралцах зорилгоор их мэрийж надад шавь ордог. За нэг чоно дуудах уу, хаана байгааг нь мэдээд өгөөч гэж хүмүүс их гуйдаг. Одоо ч нас өндөр болчихлоо өөрөө ч ан гөрөө хийе гэж мэрийх нь багасах юм. Харин олон түмэн чоно дуудаад өгөөч гэж их гуйдаг болсон доо.

-Анх таны тухайгаа сонсоод их гайхсан. Чоно дуудаж бас унтуулж агнадаг гэхээр их сонин санагдаж байлаа. Та хэзээнээс ингэж чоно агнаж эхэлсэн бэ?

-Би 1972 оны үед Төв аймгийн Өндөр ширээтийн Туул овоотын гүүрийг бариулж байхдаа тэнд нутгийн нэг анчин өвгөнтэй цуг гөрөөлж их явдаг байсан. Тэр өвгөн чи одоо их сайхан хоолойтой дуулж хуурддаг хүн чоныг ингэж олон өдрөөр хөөж явах шаардлагагүй. Өөрөө дуулж сураад чоныг дуудаж ирүүлээд л агнаж бай гэж хэлсэн. Тэр хүнээс анх мэдэж аваад л олон жил ан гөрөө хийлээ. Анх дуудаж агнаж эхлэсэнээсээ хойш хүнтэй нийлж чоно агнаагүй. Ганцаараа ч хамаагүй яваад л ульж байгаад чоныг хаа байгаа газраас нь дуудаад агнадаг болчихсон юм. Олон жил Батлан хамгаалах яамны зээрийн баригдад явсан.

-Анх чоныг ульж дуудаад агнадаг байхдаа та айдаг байв уу?

-Ерөөсөө нөгөө өвөөгийн зааснаар л чоныг ульж дуудаад л буудчихдаг байлаа. Хүн улихыг үзээгүй газрын чононууд чинь тэр дороо давхиад хүрээд ирдэг. Харин ирж явах зам зуурд нь ямар нэгэн зүйл үзэгдэж харагдвал ирэхгүй саадчихдаг юм. Тэр үед нь цаашаа явуулчихгүй нь тулд улисаар байгаад тэнд нь унтуулчихна. Ялангуяа цадгалан чоно бол хурдан унтах жишээтэй. Харин өлөн байгаа чоно нэлээн улиулж байж унтдаг. Үүнийхээ дараа харин агначихна.

-Таниас өөр чоныг ингэж ульж дуудаж агнадаг хүн хэр олон байдаг вэ?

-Ер нь бол их ховор. Ганц нэг л хүмүүс бий. Баянхонгорт н.Дэмбэрэл гэж хүн байсан даа. Хүмүүс тааралдахаар чи чоноо хэр дуудаж байна гэхээс биш тэр болгон тэнд дуудаг хүн байна гэж ярихгүй юм.

-Өөрт чинь чоно дуудах арга барилаас нь суралцья шавь оръё гэж хүн ирдэг үү?

-Өө тийн суралцья өөрт чинь шавь оръё гэсэн хүмүүс олон бий. Энэ жил би Архангай Өндөр сант, Хотонтын нутгаар явж байхад таныг дагаж сурч шавь ормоор гэсэн их байсан. Одоогоор намайг дагаж ан хийж байгаа Р.Батбаяр гайгүй сайн сурчихсан бий, Тэгээд  н.Пүрэвсүрэн, н.Даваасүрэн, н.Чойжилсүрэн гэсэн анд хорхойтой улсууд сурч л байна. Зарим нь таныг дуурайгаад улихаар наашаа давхиж ирчихээд ойртоод ирэхээрээ дуугаа таничихаад буцаад явчих юм гэдэг. Тэгэхээр надтай цуг олон жил явсан хүн энэ чоно таны дэргэд ирэх юм. Та ер нь ямар утга агуулгатай, яаж улихаараа дэргэд чинь ирдэг юм гэж хүмүүс их сонирхож гайхах хүмүүс олон таарч байлаа.

-Улихад их учир утга байна аа?

-Тийм. Улихад их учир бий. Хол байгаа чоныг дуудахдаа бүрээ ашиглаж улина. Тэгээд чоныг ойртоод ирэхээр нь дуугаа таниулахгүй нь тулд дуугаа өөрчилж улих хэрэгтэй. Чоныг өөрийнхөө дэргэд ирүүлэхийн тулд өөрчлөхөд хурдан давхиад ирдэг. Ульсан чоно бол бусад чоныхоо өөдөөс босч ирдэг. Ингэж тосч босохгүй болохоор намайг дуудчихаад юу болоод гарч ирэхгүй байна гэдэг хардалт үүсээд их эргэлздэг юм. Тэр үед нь өөрөө буруу харж байгаад ханцуйн дотроо сэмхэн улиад харчих юм бол дороо хажууд давхиад ирдэг.

-Чоныг ульж дуудаж агнах, зэвсгээр алахад ялгаа нь юу байдаг вэ?

-Ингэж дуудаж агнахын онцлог нь унаагаар хөөж чоныг үргээхгүй. Хурдан аргаар байгаа газрын олж мэддэг. Өөрөөр л авьяас чадлаараа алах нь өөр хэрэг. Одооны хүмүүс чинь тэнд ч чоно, энд ч нэг чоно байна гээд хүмүүсийн амаар тааж явахаар үрэгчихдэг юм. Тэрний оронд өөрөө очоод улиад алчихна амар. Хүн олонтой явахаар чонондоо баригдчих гээд байдаг.

-Сүүлийн үед машинаар хөөж чоно агнаж байгаа харагдах боллоо. Ингэж агнах нь зөв үү?

-Машинаар хөөж ална гэдэг чинь хүчирхийлж алж байгаа хэрэг л дээ. Тэр бол их сонин ан хийж байгаа ажил биш. Тэр машинаар хөөж  чоно агнаж буй хүмүүсийг харахаар тал газар л байдаг. Уул хадтай газар бол машинаар хөөж агнахад хэцүү. Би бол өөрөө улиад тэнд байна, энд байхгүй байна гэдгээ мэдчихдэг учраас амар.

-Ан хийх хүмүүс олон бий. Өөрсдийгөө анчин гэж нэрийдэж байна. Таны бодлоор анчин хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Тэр чинь яахав амьтан алах дуртай буу зэвсэгтэй хүн. Нэг онигоо байдаг даа. Дуран, буу, дур, хэнхэг дөрөв гэж үг бий. Тэгэхээр нэг буу үүрцэн, нэг дуран зүүчихсэн, өөрөө дуртай хүнийг хэлдэг. Ингэж л хүмүүс шоолдог байсан. Ан хийж чадаж мэдэхгүй хүмүүсийг ай энэ яахав дур нь хөдөлж дуран зүүсэн хүн явж байна чаддаг ч юм уу үгүй ч юм уу гэж хүмүүс хэлдэг. Би бол Булган, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд яваагүй газар байхгүй. Би одоо 78 нас гарч явна олон жил ан хийж явлаа даа. Одоо харин өөрөө явья даа гэж болохгүй юм. Харин улсууд бол мэргэжил ашиглаж ан хийе гэж их дууддаг. Сая сумаас гараад явж байхад араас утсаар залгаад хаана байна маргааш өглөө чононд гармаар байна гэж байна. Тэр чинь надаар улиулж чоныг хаана байгааг л мэдэж авах гэж байгаа хэрэг. Надаар улиулж дуудуулаад хаа байгаа газрын мэдчихээд агнахад амар гэж боддог байх.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Х.Даваанаа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …