Монгол Улсын хэмжээнд 2013 онд хүнсний салбарт 737.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 815.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ нь 2012 онтой харьцуулахадүйлдвэрлэл 22.7 хувиар, борлуулалт 13.2 хувиар өссөн дүн гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Түүнчлэн махны үйлдвэрлэлийн салбарт 2013 оны 12 сарын урьдчилсан дүнгээр 10.2 сая толгой мал хүнсэнд хэрэглэсэн байна. Тухайлбал хөдөө аж ахуйгаас 238.2 мянган тонн мах бэлтгэн, 22.1 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан гурван мянган тонн мах экспортолжээ. Мөн “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшинд үзүүлсэн нөлөө өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байсан нь өмнөх таван жилийн дундаж үзүүлэлтээс 3.7 дахин бага байжээ. Харин сүүний үйлдвэрлэлийн хувьд, өнгөрсөн онд 63.1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь 2012 онтой харьцуулахад 18.6 хувиар өссөн үзүүлэлт аж. “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” төсөлд Засгийн газраас 27.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэх шийдвэр гаргаж, 11 аж ахуй нэгжид нийт 12 тэрбум төгрөгийн зээл олгожээ. БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт таван тонн сүү хөргөх, хадгалах зориулалттай 50 хөргөлтийн төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Тэгвэл гурилын үйлдвэрлэл 2013 онд 188.1 мянган тоннд хүрч, өмнөх онтой харьцуулахад 63.7 хувиар нэмэгджээ. “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 23 гурилын үйлдвэрт 48.7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг нэг жилийн хугацаатай олгож, нэг кг 1-р зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, жижиглэнгийн үнийг 650 төгрөгт тогтвортой барьсан гэж салбарын яамнаас онцоллоо.