Морин жил монголчуудад ямар байх вэ?

Монголчууд эртнээс тухайн жилийнхээ өнгөөр ирээдүйн ажил амьдралаа тодорхойлсоор ирсэн. XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил тохиож байна.

Ирэх жилийн өнгө хийгээд ноён нуруу ямар байхыг сүм хийдийн хамба нар хэрхэн тольдсоныг уншичдадаа хүргэе.

Мод, үр тарианы боловсруулалтад анхаарууштай жил

“Манба Дацан” хийдийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж:

XVII жарны модон морин жил монгол түмэнд ээлтэй сайхан жил гарна. Гэхдээ зарим нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хаврын улирал илүү сартай учраас удаан зүтгүүр байх нягууртай. Мөн зундаа хур бороо бага, гандуу, зарим үед хэт халах учир иргэд болгоомжтой байх учиртай. Мөн аянга цахилгаан, бороо, мөндөр, үер усны аюулаас болгоомжлууштай. Мөн мод, үр тарианы боловсруулалтад анхаарууштай жил шүү. Үр боловсролт жаахан хүндрэлтэй байна. Өвөл цагийн хувьд цас нэлээд орох магадлалтай. Ханиад, халдварт өвчин хүн малд илрэх байдал бий. Элэг, цөсний өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Уушги, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс биеэ анхаарч, эмчлүүлэх нь зүйтэй. Энэ жил хулгана жилтэй хүн засал ном сайн хийлгэх хэрэгтэй. Хулгана жилтэй хүнд дүнсэр /их харш жил/ таарч байгаа учир дүнсрийн засал хийлгэх буюу Нанжид, Жанаггогдог, Дашзэвэг, Цагаан шүхэрт, Хамчунагва, Манал, Цэнд-Аюуш, Аюушийн Чог, Дорждэрэм номыг уншуулахад алзахгүй. Мэдээж жил орж байгаа хүмүүс жилийн болоод мэнгэний заслаа сайн хийлгэх нь чухал. Мөн морь жил сөрөг үр дагавар авчирч болзошгүй “Гүймэг” гэдэг зурхайн хэмнэл тохиож байгаа учир нохой жилтэй хүмүүст нэлээд ширүүн байгаа. Бүр тодруулбал, 21, 33, 45, 57, 69, 81 настай нохой жилтэй хүмүүст гариг эрхсийн хатуу нөлөө бий.

Өндөр суудалтанд тэрс, түшмэд, эгэл ардад ээлтэй жил болно 

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн зурхайч хамба лам Ж.Гончигсүрэн:

-XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морь жил ирж байна. Энэ жил “Шороон үхэр”-ийг модон морин жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл үхэр нь ногоон толгойтой, эвэр, чих, сүүл, дөрвөн шийр нь улаан, цагаан ходоодтой, хөх омруу бүхий ногоон зүсийн, амаа ангайж сүүлээ зүйн тийшээ шарвасан хэмээн зурхайн цаг тооллын цаглабарт зурсан байна. Мөн үхэр хариулаач нь улаан нүүртэй, хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихнийхээ урдуур унжуулсан, хос гутлаа өмсч, олсон шилбүүр барьсан идэр залуу үхрийнхээ баруун талд алхаж явна гэсэн зурлага гарсан. Энэ нь ирэх жил аливаа зүйл элбэг дэлбэг хангалуун амар амгалан хийгээд ажил үйлс өндөр бүтээмжтэй байхыг билэгшээсэн, өндөр суудалтнуудад тэрс, түшмэдүүд болон эгэл ардад ивээлтэй  жил ирж байгааг илтгэнэ. Цаг уурын хувьд хаврын эхэн сард салхи шуурга ихтэй. Харин сарын дунд болон сүүлээр бага зэрэг гандуу байх төлөвтэй. Хаврын урь эрт орж байгаа нь хавар урт болохын дохио юм. Улс орны хувьд хууль цааз чангарна. Мөн ард түмний бие хэл, сэтгэлийн үйлээс хамааран тухайн жилийн өнгө бас харагддаг. Тиймээс ард иргэд бие сэтгэлийн үйлийг хянамгай байлгаж, сайн сайхан зүйлийг дэмжиж, бие, хэл, сэтгэл гурвын үйлийг эрхэмлэн сайн сайхан зүйлийг бодож, бүтээж байхыг чухалчлах ёстой.

Жилийн хатуу, зөөлөн байх нь санааных 

Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав:

-”Ялгуусан” хэмээх морин жил хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвин, сайхан жил гарна. Гэхдээ бүх зүйл хүмүүн биднээс шалтгаална. Мэрийгээд хичээгээд ажиллавал сайн сайхан болгон ямагт дэргэд байдаг болохоор зөв сэтгэлтэй, зөв явдал мөртэй байх чухал.  Жилийн хатуу, зөөлөн, сайн муу байх нь бидний санааны асуудал. Засал номоо уншуулан, сэтгэлээсээ итгэлтэй, сүжигтэй байх юм бол болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй. Хүн сэтгэлээрээ, хийж бүтээж буй үйлээрээ сайн сайхан байвал саад тотгор гэж үгүй. Жилийн хатуу зөөлнийг даван туулах хүч, энерги бий. Хүн бүхний бие мах бодь, засал ном өөр. Түүнийгээ шинийн 15-нд багтаагаад хийлгэсэн байхад жилийн хатуу нь тухайн хүн хэнд ч нөлөөлж чадахгүй. Шинийн 15 гэдэг чинь Бурхан багш шидийн хувилгааныг үзүүлж 15 янзын гайхамшгийг үзүүлсэн өдөр. Энэ өдрүүдэд сүсэгтэн олон суудал өнцөгдөх, хэл ам дарах гэх мэт засал хийлгэж, жилийнхээ өнгийг даатгасан ном уншуулбал буян арвиддаг. Засал номыг шинийн 15-наас хойно хийсэн ч хүчин буруу зүйл үгүй. Хүн бүр л сайн сайхан явахыг хүсдэг шүү дээ. Мөн шинэ cap хуучрахаас өмнө засал номоо хийвэл өлзий төгөлдөр болно гэж үздэг.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …