“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд таван зорилт дэвшүүлснээс ихэнх нь амжилттай хэрэгжиж байгаа талаар Зам, тээврийн яам болон Монголбанкнаас мэдээллээ. Тухайлбал өнгөрсөн нэгжилийн хугацаанд нийтдээ 914 галт тэрэг, 52 мянга 977 вагоноор 2.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс 49 мянга 206 нь өргөн хэрэглээний ачаа байжээ. Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар хооронд 23 цагийн дотор ачаа тээвэрлэдэг болсон байна. Харин ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах хоёр дахь зорилт 100 хувь биелсэн гэж үзлээ. Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам компанийн хэрэгцээт шатахууныг импортлох гэрээ байгуулж, дөрвөн тэрбум төгрөгийн шатахууны зардал хэмнэсэн байна. Шатахууны хэрэгцээнд зориулан Монголбанкнаас 3.8 хувийн хүүтэй, 22 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн ШӨХТГ-ын даргын тогтоолоор экспортын дөрвөн төрлийн нүүрсний тээврийн тарифыг 5-25 хувиар нэмэгдүүлснээр Улаанбаатар төмөр замын алдагдал тодорхой хэмжээгээр буурсан байна. Харин одоогоор Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх зорилт 50 хувийн биелэлттэй хэрэгжиж байгаа ажээ. Түүнчлэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах 70 тэрбум төгрөгийн зээлийн баримт бичгийг бүрдүүлж эхэлсэн байна. Энэхүү зээлээр Улаанбаатар төмөр замд одоогоор ачааны 400 хагас вагон, 60 битүү вагон, гол замын гурван зүтгүүр, сэлгээний гурван зүтгүүр худалдан авч өгөх юм байна. Хамгийн сүүлийн зорилт буюу ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт 50 хувийн биелэлттэй хэрэгжиж байгаа талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …