Б.Лхагвасүрэн: Амьдрал бол там, диваажин хоёроор нийлүүлж томсон дүүжлүүрийн олс

 Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Бүтээж туурвихаас илүү алжаалаа тайлахад зун хамгийн тохиромжтой улирал. Хүмүүс өвлийн хүйтэнд ажлаа амжуулаад дэлгэр цагт амрахыг боддог. Таны хувьд?

Зун цаагуураа их назгай улирал. Надад наранд мансуурсан тэнэг улирал шиг санагддаг. Тэгээд ч би найр наадамд явдаггүй болохоор улирлын сайхныг гойд мэдрэлгүй өнгөрөөсөн удаа бий. Ер нь би  аль ч улиралд хэвийн ажилладаг.

Таны бүтээлд эртний домог, энэрэл хайрын сэдэв зонхилдог. Харин цаг үеийн үзэгдэл тэр болгон тусдаггүй…

Яруу найрагч хүн өөрийнхөө амьдарч буй он цагийн гэрч буюу дууч биш. Бид социалист реализмын үед нийгмээ дуулъя гэж бүтээж, туурвидаг байсан. Үнэндээ уран зохиолдоо хүн болгон мөнхөрдөггүй. Харин өөрийгөө мөнхрөх юм шиг санаж мөнхийн сэдвийг бичих ёстой. Өөрөөр хэлбэл хүний ухааныг, сэтгэлийг дуулах ёстой. Тэгэхлээр яруу найрагч гэдэг цаг үеийн тусгал биш, цаг үеийн тайлан биш, үнэлгээ биш, цаг үед үйлчлэх зарц ч биш. Сэрэл, мэдрэмж, сэтгэлгээний товчлон илэрхийлсэн яруу үзэгдэл юм.

Таны хувьд яруу найргийн онол гэж байж болох уу?

Яруу найраг өөрөө язгуурын онолтой. Яруу найрагт мухардсан найрагчдын эрлийн ачаар олдсон олон урсгалууд энэ яруу найргийн онолыг сатааруулж байна.  Аливаа юм ирээдүйд захирагдахаас гадна үүсгэлдээ захирагдах ёстой. Ингэж үздэгээрээ би хуучинсаг байж магадгүй.

Таны “Үр могой” туурийн талаар цөөнгүй хүн шүүмж хэлсэн. Ялангуяа гоо зүйн талаасаа зарим судлаачдын анхаарлыг татсан байх.

“Үр могойг” би яагаад ч юм хэнд ч шүүмжлүүлмээргүй санагддаг. Хүний тархин дотор хувийн оргил гэж байдаг бол “Үр могой” миний оргил бүтээлийн нэг. Гоо зүйгүй муухай гэж ерөөсөө байдаггүй. Өөрөөр хэлбэл, би муухайд хүртэл гоо сайхан бий гэдгийг батлах гэж байна. Аливаа гашуун үнэн гэдэг бол яруу сайхангүй харагдаж болно. Яагаад гэвэл үнэн гэдэг чинь нүцгэн байдаг юм.

Яруу найраг таны дотоод сэтгэлийн гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл юм аа даа?

Тийм л юм чинь. Би зовлон жаргалыг, ер нь нь бүх юмыг яруу найргаар хардаг. Яруу найраг гэдэг надад хамгийн сайхан зүйл бөгөөд хамгийн архагшсан “өвчин”.

Тэгвэл таныхаар амьдрал гэж юу вэ?

Там, диваажин хоёроор нийлүүлж томсон дүүжлүүрийн олс. Ингэж хэлэхэд хатуудахгүй.

Ямар улирлаар өөрийгөө төсөөлдөг вэ?

Би бол намар. Миний ухамсрын жимс хальсандаа багтахгүй болж намайг гэж тоосон хүний алган дээр унаж, насны эрхээр арга буюу өвгөрч, олон зулзаган мод тойруулсан мод боллоо л доо. Гэхдээ үзэх хавар болгоноо хүлээсэн мод байхыг хүснэ.

Бавуугийн  Лхагвасүрэн гэж хэн бэ?

Биеэ тоосон, эцэстээ хүртэл туулширсан зөрүүд бодьгал юм. Би сайн юмандаа сайн шиг сайн, муудаа муу шиг муу. Өдөр тутмын амьдралын зовлон хүний мөн чанарыг их эвддэг. Тэр нөлөөлөөд би үндсэн чанартаа хэр ойрхон байгаа билээ гэж боддог. Өөрийгөө шинжлэх шинжилгээний хариу тийм сайн гарахгүй байна. Хүмүүс намайг янз янзаар үнэлдэг юм билээ. Тэр болгон сартай шөнө нохой хуцахтай адил.

Хүн бүхэнд зиндаа байх ёстой юу?

Надтай нэг зиндаанд амьдардаг хүмүүс гэвэл миний хань, үр хүүхдүүд. Бид нэг зиндааных. Бусад юман дээр би зиндаархдаггүй.

Өнөөдөр таны сэтгэлийг юу эмзэглүүлж, зовоож байна вэ?

Бусдаас нэг ч болов юмаар илүү байх сайхан. Гэтэл монголчууд оюуны илүүд атаархахаа болиод мөнгөнд атаархдаг болчихсон байна. Монгол Улсад баян хүмүүс байх ёстой. Гэхдээ ганцхан оюуны баячуудад үзүүлэх хүндэтгэл нь дутагдаж байна уу даа гэж боддог. Мөнгө өөрөө тэртэй, тэргүй хүмүүсийг татаж, атаархлыг цуглуулдаг донтой эд. Гэтэл оюуны илүү чанарт хүмүүс ингэж донтохгүй байна. Энэ бол бид үхсэн загас шиг толгойноосоо эхэлж ялзарч байгаагийн шинж…үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …