Монгол Улс энэ оны эхний 15 хоногт 368.5 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн нь 2013 оны дүнгээс 22 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Оны эхний 15 хоногийн хугацаанд 139.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан нь 20.6 хувиар өссөн үзүүлэлт болсон бол импорт 228.9 сая ам.доллар болж 22.9 хувиар өсчээ.
Экспортын үнийн дүн өсөхөд нүүрс болон бусад голлох эрдэс бүтээгдэхүүний өсөлт нөлөөлж байна. Нийт экспортод нүүрс 28.7 хувь, зэсийн баяжмал 28.3 хувь, боловсруулаагүй газрын тос 18.1 хувь, төмрийн хүдэр 10.5 хувь, цайрын хүдрийн баяжмал 1.6 хувийг тус тус бүрдүүлжээ. Тухайлбал 2014 оны эхний 15 хоногийн хугацаанд Монгол Улс 823.6 мянган тонн нүүрс, 28.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь 2013 оны эхэн үеийн дүнгээс өссөн байна.
Харин төмрийн хүдэр, цайрын хүдэр, бохир болон самнасан ноолуурын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурсан дүнтэй гарлаа. Мөн хэрэглээний импортоос автобензин, дизель түлш, онгоцны түлш, нийтийн тээврийн хэрэгсэл болон согтууруулах ундаа, зарим төрлийн хүнсний ногооны импортын биет хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин энэ оны эхний 15 хоногийн хугацаанд Монгол Улс 2164 ширхэг суудлын автомашин, 542 ширхэг ачааны автомашин импортолсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.