УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан саатуулан, шалгаж байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөөд байгаа билээ. Тэгвэл эл мэдээллийн мөнгөн дүнг НПГ-аас үгүйсгэж, ЦЕГ мөнгөний талаар ямар ч мэдээлэл өгөөгүй гэх тайлбар өгч олныг гайхшируулаад авлаа.
Тухайлбал өнгөрсөн лхагва гарагт ЦЕГ-ын ОНХА-ны дарга, хурандаа Т.Сайнжаргал “Мөнгө угаасан байж болзошгүй, О.Эрдэнэсолонго нь УИХ-ын гишүүн, урьд нь сайд байсан хүний эхнэр. Хэрвээ эхнэр нь мөнгө угаасан нь илэрвэл нөхрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах талаар хүсэлт гаргана. О.Эрдэнэсолонго “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжил” зэрэг банкны дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг, байршуулан угаасан байж болзошгүй” гэсэн мэдээлэл хийж байсан билээ.
Уг мэдээллийн үеэр сэтгүүлчдээр таавар таалгаж байгаа мэт “Нэгэн УИХ-ын гишүүн, өмнө сайд хийж байсан” эрхмийн эхнэр гэх учир битүүлэг тайлбарыг сэтгүүлчдэд өгч нэрийг нь хайлгаж, төөрөгдөлд оруулаад авсан. Хэн гэдэг гишүүний эхнэр болохыг нь сэтгүүлчид асууж сураглаад БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр болохыг нь, төвөггүй олж мэдсэн. Эхнэрийгээ цагдан хоригдсныг дуулсан сайд асан “Миний эхнэр тийм хэрэг хийх хүн биш. Надад одоохондоо ямар ч тодорхой мэдээлэл алга.
Сэтгүүлчид та нар битий дэвэргэ” гэх утгатай үгийг өөрийн твитер хуудаснаа цацаж байсан юм. Нэлээд олон хүнийг эргэлзээнд оруулаад байсан уг дуулиан янз бүрээр яригдаж байсан нь үнэн боловч өнгөрсөн баасан гарагт НПГ-аас хийсэн мэдээлэл бүр ч олныг алмайруулж гайхшруулсан байдалд оруулж орхив.
Тухайлбал Ё.Отгонбаяр сайдын эхнэрийг их хэмжээний мөнгө гуйвуулсан, татвар төлөөгүй зэрэг үндэслэлээр байцааж байгаа бөгөөд эл хэргийн мөнгөн дүн дээр багагүй маргаан гараад байна. Тэгвэл энэ талаар НПГ-ын орлогч дарга Ц.Батболд хэлэхдээ, “О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 21 дансаар нэлээд их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн.
Энэ их мөнгө ямар эх үүсвэрээс орж ирсэн, эл мөнгөний эх үүсвэр хууль ёсных уу, хууль бус юм уу гэдгийг хууль зүйн дагуу шалгалтын ажиллагааг эхэлсэн. Энэ хүнийг энэ сарын 5-наас сэжигтнээр цагдан хорьсон.
Мөнгөн дүнгийн талаар хэвлэл мэдээллээр тоо баримт дэлгэн яригдаж байна. Хуулийн байгууллагын зүгээс энэ хэрэг дээр мөнгөн дүнгийн талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй. ЦЕГ-аас гарсан мэдээлэл дээр ч мөнгөн дүнгийн талаар хэлээгүй” хэмээн үгүйсгэж олныг гайхширууллаа.
Түүнчлэн ЦЕГ-аас мөнгөн дүнгийн талаар юу ч хэлээгүй, зөвхөн шалгавал зохих шаардлагатай мөнгө гэж хэлсэн хэмээн сэтгүүлчдийг худал мэдээлэл цацсан мэт ойлголт төрүүлж байв.
Уг нь ЦЕГ-ын ОНХА-ны дарга Т.Сайнжаргал мөнгөн дүнг маш тодорхой хэлснийг тухайн үед хэвлэл мэдээллийнхэн газар дээрээс нь олон нийтийн хэрэгслээр шууд дамжуулсныг хүн болгон мэдэж байгаа.
Түүнчлэн О.Эрдэнэсолонгын гэх хэрэгт хоёр хүнийг буруутган нэмж баривчилсан гэх мэдээллийг ч үгүйсгэж байх юм.
Нэг газрын удирдлага дор байдаг хоёр байгууллага юуны учир ийм зөрүүтэй мэдэгдэл хийснийг гайхаад барахгүй байна гэх хүн ч олон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Цагдаагийнхан мөнгөн дүнгийн талаар буруу мэдээлсэн. Бид хадгаламжиндаа 300 гаруй сая төгрөгийн хадгаламжтай. Төгрөгийг валют хэмээн андуураад байгаа юм биш үү” хэмээн мэдэгдээд авсан билээ.
Түүнчлэн гишүүн эхнэр О.Эрдэнсолонгыг нь хууль бусаар баривчилсан гэж үзэн шүүхэд гомдол гаргасан гэдгээ ч мэдэгдсэн.
Тэрбээр “Миний эхнэрийг баривчлахдаа хэд хэдэн хууль ноцтой зөрчсөн байна.
Хэдийгээр шалгаж байгаа ч гэсэн МУ-ын хууль хяналтын байгууллага хуулийн дагуу явах ёстой. Сэжигтнээр тооцсон бол үндэслэл байх ёстой.
Өөрийг нь хуурч, мэхэлж аваачсан. Баривчлах ажиллагаа нь оргон зайлахыг завдсан, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөх байсан гэх мэт үйлдлүүдэд баривчилдаг.
Гэтэл шууд дуудаж аваачаад хорьсон байсан. Хадгаламжийн дэвтрүүд нь гэрт нь байхад аваачиж тулгаагүй.
Надтай холбоотой сэжиг байгаа бол намайг шалга. Би бэлэн байна. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаач гэж хүсч байна.
Дуудахад нь очиж байхад цагдан хорьж, баривчилна гэдэг буруу гэж бодож байна. Тэгээд ч миний хань 300 сая доллар байтугай сая доллар ч харж үзээгүй хүн” гэсэн юм.
Бидэнд зарим иргэд дээрх асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм.
Тэдний хэлж буйгаар “Манай хууль хяналтын байгууллагынхан арай дутуу ажиллав уу гэж харагдаж байна.
Тодруулбал энэ гэр бүлийн ард хэчнээн хүн байдаг билээ гэдгийг анхаарах, түүнчлэн цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэн гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байгаа хэргийг яагаад олон нийтэд түрүүлж мэдээллэсэн бэ гэх зэрэг олон асуудлууд байна” гэж хэлж байсан юм.
Тэгэхээр албаныхны зөрүүтэй мэдээлж байгаагаас харахад энэ хэрэг яг тогтоогдоогүй, дөнгөж шалгаж байгаа хэрэг гэж ойлгож болохоор байгаа юм.
Хэрвээ О.Эрдэнэсолонгын хэрэг нь мөнгө угаасан биш нэр төрд нь халдсан явдал гарсан бол яах вэ гэдэг том асуулт гарч ирэх нь дамжиггүй.
Тиймээс эл дуулиан шуугиан тарьж буй хэргийн үнэн зөв нь олдох байлгүй дээ гэж хүлээж суухаас өөр аргагүй.
Олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх мэдээгээ хүртэл харамлаад байдаг ЦЕГ сэтгүүлчдийг “урьж” аваачиж сүр дуулиантай мэдээлэл хийснийхээ төлөө буруу ташаа мэдээлэл хийлээ гэж хариуцлага хүлээх бололтой догоо.
Эх сурвалж: