АНУ-ын засгийн газрын сурталчилгааны албанд ажилладаг монгол залуу

 578548_10202551681898254_745553753_nАНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас хамгийн түрүүнд уулзсан залуу маань Ганболд байлаа. Мэнд мэдэлцэж, танилцсаны дараа түүнээс хэзээ Америкт ирсэн, хаана ажилладаг тухайд сонирхов. Тэрээр Ардчилсан намд ажилладаг гэж товчхон хариулсан юм. “Сонин хачин мэдээ мэдээлэл өгөөрэй” гэхэд тэрээр тэрүүхэндээ инээвхийлээд өнгөрч билээ.

Чулуунбатын Ганболдыг АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн вэб хуудас дээр ажилладаг гэж сонссон тул өөрийнх нь болоод ажлынх нь тухай яриулах сонирхол намайг гижигдсээр байсан юм. Тэр залууд өөрийгөө дөвийлгөж, цээж дэлдэн онгирох “солиорол” үнэндээ байдаггүй нь нэгэн бодлын гайхал төрүүлсэн. Гагцхүү түүний сэтгэл зүрхэнд монгол гэсэн омогшил, бардамнал дүүрэн болохыг мэдрэх таатай байлаа.

Бидний хоёр дахь удаагийн уулзалт сонирхолтой, илүү илэн далангүй өрнөсөн. Гэхдээ тэр өөрийнхөө тухай дэлгэрэнгүй яриагүйгээр барахгүй ямар нэг нийтлэл, сурвалжлага гаргахыг огт зөвшөөрөөгүй юм…

1422623_10202741162555152_498970268_n-АМЬДРАЛДАА АНХ УДАА БИЕ ДААН ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ-

Ч.Ганболд их хөдөлгөөнтэй, нилээд сахилгагүй хүүхэд байжээ. Юм л бол ямар нэгэн асуудалд орооцолддог агаад наймдугаар ангиасаа сургуулиасаа хасагдаж. Түүнээ ээждээ мэдэгдэхгүй гэж, өөрөө гүйж байгаад ДУДуС-д шалгалт өгч тэнцжээ. Өглөө босоод дунд сургуульдаа явж байгаа мэт гэрээсээ гараад ДУДуС-д хичээллэнэ. Түүнийг нь хоёр жилийн дараа мэдсэн ээж нь дуу алдан эхлээд уурлах аядсанаа эцэстээ эвлэрч “Миний хүү өөрөө л болно гэж бодож байгаа бол яахав” гэж хэлжээ. Энэ түүний хувьд амьдралдаа бие дааж гаргасан анхны шийдвэр байж. Ч.Ганболд багаасаа зураг зурах сонирхолтой, аав нь техникийн төрөлд зохион бүтээх сонирхолтой байсан нь түүнд их нөлөөлжээ. Тэрээр ихэвчлэн түүхийн сэдвээр зурах дуртай. Өгүүлэмж нь тийм болохоор өнгө будаг нь сонгодог тал руугаа…

-ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ БҮТЭЭЛЭЭРЭЭ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ-

Жил бүр Адобе компани фотошоп хэрэглэгчдийн дунд компьютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаан зарладаг. 2009 онд 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын “Мандалай Бэй Ресорт”-д болж өнгөрчээ. Ч.Ганболд урд нь Охойяад сургуульд байхдаа оюутнууд болон сургуулиудын дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд орж түрүүлснээр дизайнеруудын жагсаалтад орсон аж. Тиймээс тэмцээнд оролцох урилга ирж, дээрх тэмцээнд байгаль орчин дэлхийн цөлжилттэй холбоотой бүтээлээрээ оролцон тэргүүн байр эзэлжээ. iStokcphoto компаний нэрэмжит iStock Munny Doll тэмцээнд түүний эхнэр Г.Дариа амжилттай оролцож, 200 гаруй мэргэжилтэнээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргажээ. Харин Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн байна. Мөн тэрээр Америк болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, сурталчилгааны албанд ажиллаж байжээ. Тодруулбал, Forest City, Northrop Grumman, Yahoo, American greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэтээр нэрлэж болох аж.

-ОБАМАГИЙН ВЭБ ХУУДАС ДЭЭР АЖИЛЛАХ ҮҮРЭГ АВААД ИХЭД САНДАРЧЭЭ

Ч.Ганболд АНУ-д болж өнгөрсөн конгрессийн сонгуулийн сурталчилгаан дээр ажиллажээ. Өрсөлдөөн нь шударга, үр дүнд нь хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж чаддаг нь америкчуудын онцлог гэнэ. Ажлаас нь түүнд Обамагийн вэб хуудас дээр ажиллах том үүрэг өгөхөд ихэд сандарчээ. Нилээн хэдэн хоног бусад улс орны тэргүүнүүдийн вэб болон сурталчилгаа, дизайн арга барилыг судалсан байна. Тэгж байж конгрессийн сонгуульд зориулсан хувилбарын дизайн дээр ажиллажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Обама монгол залуугийн чадварыг өндрөөр үнэлсэн байдаг. Онцлоод хэлэхэд, тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газрын мэдээллийг олон нийтэд түгээх сурталчилгааны албанд ажилладаг.

Мэдээллийн технологи өнөө цагт хамгийн ихээр даяарчлагдаж, ямар ч хил хязгаар үгүй болсон. Тиймээс Ч.Ганболд эхнэр Г.Дариагийн хамт энэ чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхээр АНУ-ын Охойяа мужийн Кэнт стейтийн их сургууль(Kent State University)-ийг компьютер график болон 3D анимейшн инженер мэргэжлээр төгсчээ. Ч.Ганболд АНУ-д хоёр ч удаа зургийн үзэсгэлэн гаргаж үзсэн байна. Америкт зургийн хөгжил, зах зээл нь том ч түүний бодлоор уран зургийг үнэлж, худалдан авах талаараа Европыг арай гүйцэхгүй санагджээ.

-ТЭНГЭР-ШОНХОР ШУВУУ-УРТЫН ДУУ ГЭСЭН ХОЛБООСООР ЭХ ОРНОО ТӨСӨӨЛДӨГ-

Ч.Ганболд нилээн хэдэн жилийн өмнөөс интернэт Цахим өртөө нээн ажиллуулжээ. Тэр радиог “Эх орон байхад диваажин надад хэрэггүй” хэмээх сүрлэг уриагаар нь хүмүүс андахгүй биз ээ. Түүний www.ganbold.com хаягаар зочлоход үнэхээр өвөрмөц юм билээ. Хөх тэнгэрт шонхор шувуу дүүлэн нисч, уртын дуу эгшиглэж, газраас аажим аажмаар тэнгэр лүү тэмүүлнэ. Тэнгэр-шонхор шувуу-уртын дуу гэсэн холбоосоор эх орноо төсөөлдөг Ч.Ганболд олон олон вэб хуудасны дизайн чимэглэлийг хийжээ. Өөрийнх нь дүрслэлүүд дээр монгол аялгуу, уртын дуу их л наалдацтай байдаг гэнэ лээ.

“Монголд минь өнөөдөр сайн, муу олон зүйл байгаа хэдий ч бид урагшаа хөгжил рүү явж байна. Ялангуяа залуус их өндөр боловсрол, мэдлэгтэй, их хүсэл тэмүүлэлтэй, их хөгжил дэвшилтэй болж байна. Энэ нь интернэт IT орон зайд илүү мэдрэгдэж байгаа. Тэд эх орныхоо хөгжилд санаа зовж, өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлж байна. Энэ бол бага зүйл биш. Би хувьдаа Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг сайхан ирээдүйд итгэдэг” гэж тэр ярих дуртай.

-МОНГОЛ ОРОНД ТӨРСНӨӨРӨӨ ОМОГ БАРДАМ ЯВНА-

“Зан сайтай айлд хүн бүхэн цуглардаг” гэсэн үг бий. Ч.Ганболдынх нэгэн утгаараа эх нутгаа санан мөрөөдсөн монголчуудын сэтгэлээ онгойлгох өргөө гэлтэй. Тэрээр том хаустаа зочид гийчид урьж, ярьж хөөрч суух дуртай. Өрөөний голд байрлуулсан томоос том Монголын төрийн далбаа, хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан Монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд нь Монголын бүхнийг санагдуулна.

“Хүн эх оронтой байна гэдэг ямар их аугаа хувь заяа вэ гэдгийг харьд байхдаа монголчууд бид мэдэрдэг. Эх орон гэдэг хүний өлгий бас бахархал, омогшил. Өөрийн гэсэн хил хязгаартай, өөрийн гэсэн тусгаар тогтнолтой, өөрийн гэсэн хөгжил, эрх чөлөөтэй Монгол оронд төрснөөрөө омог бардам явдаг. Энэ дэлхийн хаана ч явсан бидний сайн, муу бүхий л үйлдлийн өмнө Монгол гэдэг нэр дуудагддаг. Тэгэхээр эх орон биднээс ч эхэлдэг гэж боддог. Ер нь монголчууд маань чадвартай шүү. Аль ч салбарт, хэнээс ч дутахгүй ажиллаж амьдарч байна. Нэг үеэ бодвол Америкт байгаа манайхны ахуй амьдрал ч их өөр болсон. Амжилт гаргаад эх орныхоо нэрийг хүний зэрэгтэй авч яваа залуучууддаа их баярлаж, тэднээрээ бахархдаг” гэж Ганболд чин сэтгэлээсээ өгүүлсэн. Тэр ингэж л омогшиж, ирээдүй рүү тэмүүлж, хийж бүтээж явна.

Д.ЭРДЭНЭТУЯА och.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …