Буддын шашин соёлтой монголчууд бид урд хөршид үйлдвэрлэсэн нарны энергээр эргэлддэг хүрдийг авч гэр орон унаа машиндаа хэрэглэх болоод нэлээдгүй удаж байна. Гэтэл энэ хүрдний дотор талд хятад ханзаар “үх” гэсэн утгатай үг байдаг гэдгийг сонсоод сэтгэл эвгүйцэн, гэртээ байсан хятад хүрдийг эвдэн байж задалж үзлээ. Төвд хэл гадарладаг хүний хувьд хүрдэнд бичсэн үгийг уншин тайлбар зүүлт хийлээ. Монголчууд бид аливааг дутуу сонсоод “цуурхах” нь илүүтэй юм даа.
Тэнд ཨོཾ་ཨྰཿཧཱུཾ། བཛྲ་གུ་རུ་པདྨ་སིདྡྷི་ཧཱུཾ། – Умаа хум базар гүрү бадма сиддхи хум гэсэн бичиг байх юм. Энэ бол ловон Бадамжунай бурханы зүрхэн тарни юм.
Ловон Бадамжунай бол одоогоос 1200 гаруй жилийн тэртээ амьдарч байсан түүхэн бодит хүн юм.Тэрбээр 8 настайдаа гэгээнтнээр тодорч, Бадам нэрээр хаан ширээнд заларч, хатан буулгаж байсан ч орлчонгийн элдэв явдлаас хөндийрч буян номын мөр хөөхийн тухайтад арга саам сүвэгчлэн гэмт үйл хийсний улмаас ордны ёс жаягийн дагуу хаан ширээнээс буулгаж, хатуу ял тохоон, үхээрийн газар түүнийг цөлжээ. Бадамжунай бээр тэнд нууц тарнийн шидтэн нартай учирч тарни бясалгалд нэвтэрчээ. Бурханы шашин умраас умард дэлгэрэх бурхан багшгийн бошго ёсоор Бадамжунай багшийн олон шавь нарын нэг Согбу Ишбал буюу Монголоор Билгүүнцог хэмээх монгол хүмүүний нөлөөгөөр бурханы шашны улааны урсгал монгол газар нэвтэрсэн гэдэг.
“Ум аа хум базар гүрү бадма сиди хум” бол Бадамжунай багшийн зүрхэн тарни. Уг тарнийн утгыг тайлбарлавал:
“Ум аа хум” – нь гурван очирын тарни гэгддэг. Ум нь хамаг бурхдын лагшин буюу биеийн очир.Аа нь хамаг бурхдын зарлиг буюу хэлний очир. Хум нь хамаг бурхдын таалал буюу сэтгэлийн очирыг бэлгэддэг. Түүнчлэн Ум нь амьсгал авах анир, Аа нь амьсгал шингээх анир, Хум нь амьсгал гаргах анирыг агуулдаг.Амьсгал бүрээ ийнхүү мэдэрч бясалгавал түүний цаана орших амьдралын аугаа их эрчим бурханлаг чанарыг ононо гэж үздэг.
“Базар” нь очир гэсэн үг бөгөөд эвдэршгүй мөнх, халиршгүй бат гэсэн утгыг илтгэдэг. Тэгш хэмт очир эрдэнэ нь хоосон чанар – гэгээн гэрлийг бэлгэддэг.Бүх юмс хоосон чанарын агаараас төрж, хоосон чанарын агаарт оршиж, хоосон чанарын агаарт уусдаг.Зүйрлэвэл, тэнгэр огторгуйд байгаль ертөнц бүхэлдээ хамаарах мэт. Байгалийн тоо томшгүй үзэгдэл хэлбэр үүсч замхрах боловч тэнгэр өөрөө үүсэл, устлаас ангид мөнхөд орших. Түүнчлэн үнэмлэхүй гэгээн гэрлийн огторгуйг танисан бодгаль түүн лүгээ нэгдэж, хязгааргүйг эрхшээх нь очирын хутаг юм.
“Гүрү” бол гэгээрлийн замч багш гэсэн үг. Их хөлгөний ёсонд гүрү багш нь бурхан, бурханы хутаг олох ном, номын мөрөөр одсон хутагт гурван эрдэнийн хураангуй болдог.Мөн нууц тарнийн ёсонд ид шидийг соёрхогч ядам бурхан, бясалгалын замд хань болдог ханд дагинас, барцад саадаас хамгаалдаг номын сахиус хэмээх гурван дээд хүчний нэгдмэл цогц болдог.
“Бадма” нь бадамлянхуа цэцэг юм.Балчиг шавраас ургах атлаа үл хиртэх лянхуа цэцэг нь эгэл орчлонгийн амьдрал дундаас цэцэглэх атлаа шунал, хорсол, мунхгийн хирийг үл халдаах гэгээрлийг бэлгэддэг.Бурхан бүгд бадамлянхуан дээр залардгийн учир энэ.
“Сиддхи” нь ид шид гэсэн үг, Хум нь адистид хурайлсан тарни.Хүний оюун санаа хязгааргүй бөгөөд нөөц боломж нь шавхагдашгүй гэж Бурханы номд өгүүлдэг.Хамаг амьтныг нигүүлсэх бодь сэтгэл, үнэнийг таних билгүүн ухаанаар жигүүрлэн гэгээрлийн ертөнцөд халиваас ид шидийн гайхамшиг улам улмаар нээгдэх ажээ.
Энэхүү тарнийн тус эрдэм, утга учрын талаар Ханд Ишцожил хэмээх бүсгүй шавийнхаа асуултанд Бадамжунай багш ийн хариулсан байдаг:
“Энэ тарни эргэх дөрвөн цаг, амьдрах гурван мөчлөг аль ч үед өмөг түшиг чинь болно.Бодь сэтгэлийг өвөрлөж, ариун тангаргийг хичээж, чин зүрхний бишрэлээр урин дуудах аваас зүүдэн, сэрүүн алинд ч Бадамжунай би өөрийн биеэр заларч адислах болно.Харш муу бүхнээс хөө хуяг мэт хамгаалж, гундах үед чинь цог жавхлан нэмж, гуних үед чинь баяр баясгалан хайрлаж, харанхуй дунд гэгээн гэрлийг ургуулна.Хэдий чинээ гүн бясалгаж, чин сүжиглэнэ төдий чинээ тарнийн хүчийг мэдэрнэ. Дээд хүч нь энэ төрөлдөө солонгон биеийг эрхшээнэ.Дунд зэрэг нь үхэх агшинд эх, үр гэрлийн учралаар мөнхийн хутгийг олно.Адаглаад, зуурдын төрөлд одовч намайг танин учирч, дагшин оронд төрөх болно.
“Базар гүрү хэмээх энэ тарни бол ганц миний зүрхэн тарни биш, дөрвөн тантар, есөн хөлгөний зүрхэн тарни. Наян дөрвөн мянган номын хураангуй. Гурван цагийн багш, ядам, бурхад, баатар дагинас, номын сахиусны зүрхэн тарни юм…” гэжээ.
Монголын их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Данзанравжаа очир хөлгөн нууц тарнийн их бясалгагч байсан бөгөөд оюун санааны багш нь Бадамжунай байжээ. Амин зүрхний чандмань эцэгтээ зориулан тэрээр дуулал зохиож байсан гэдэг. Мянган галвын зовлонгийн тоосыг нэгэн агшинд гөвөхийн ерөөлийн тарни “Ум аа хум базар гүрү бадма сиддхи хум”
Учир ийм атал бид муйхарлан хятадууд биднийг “үх” гэж ханзаар бичжээ гэх шиг “цуурах” юм даа. Мэддэгт мэргэн цоорох мэддэггүйд эрээн цоохор гэж л энэ байхдаа.
Ц.Мөнх