“Улаанбаатар-Дархан-Улаанбаатар” чиглэлд хот хоорондын тээврийн үйлчилгээг иргэдэд одоо байгаа үнээс даруй 20 хувь хямд үзүүлэх хүсэлт гаргасан “Дорнын саруул зам” хоршоололд Замын тээврийн яамнаас тээвэрлэлт хийх зөвшөөрөл өгөлгүй 5 сарын нүүр үзжээ.
Тусгай зөвшөөрөлтэй компаний тогтоосон тасалбарын үнэ 10,000 төгрөг байдаг бөгөөд “Дорнын Саруул Зам” хоршооныхон тасалбарын үнийг 8000 төгрөг болгож, иргэдэд үйлчлэх хүсэлтэй байгаа аж. Гэтэл Зам тээврийн яамнаас өдийг хүртэл хариу өгөлгүй хойшлуулсаар байгаа гэнэ. Юм бүхний үнэ нэмэгдэж байхад иргэддээ хямд үнээр үйлчлэх гэсэн тус хоршооллынхонд юуны учир зөвшөөрөл олгохгүй байгаа нь хачирхалтай юм.
“Дорнын Саруул Зам” хоршоо нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангасан нийт 14 том оврын автобус үйлчилгээнд гарахад бэлэн байгаа аж. Мөн жолооч нар нь бүгд олон жил жолоо барьсан дадлага туршлагатай хүмүүс байдаг ажээ.
Дашрамд дурьдахад, 2013.08.15-наас 2014.01.30-ны өдрийг хүртэл жолооч тээвэрчид Зам тээврийн яаманд хот хоорондын чиглэлд тээвэрлэлт хийх хүсэлтийг удаа дараа тавиад бүтэлгүйтээд байгаа аж.