Монгол Улсын аялал жуулчны агентлагуудаас Сочигийн Олимпийг үзэх тасалбарын багцыг “Нью Жуулчин турс” компани санал болгож байгаа нь ийм төрлийн цорын ганц үйлчилгээ болж байна. Энэхүү спорт аялалын багцын үнэ онгоцны тийзний үнэ оролгүйгээр 3900 ам.доллар аж. Үүнд спортын долоон төрлийн уралдаан үзэх болон долоон өдөр, зургаан шөнийн хөтөлбөр багтаж байна.
Тус компанийн өгсөн мэдээллээр Сочигийн Олимпийн наадам үзэхээр 120 хүн энэ удаад аялж байгаа ажээ. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шилдэг, тэргүүний 72 ажилтандаа “Сочи 2014” Өвлийн Олимпийн тоглолт үзэх эрхийн бичиг гардуулсан нь тэдгээр жуулчдын тоонд багтаж байна. Төмөр замчид Сочид долоо хоног саатах бөгөөд нэг хүний зардал 2600-3000 орчим ам.доллар болж, байгаа бөгөөд бүх зардлыг байгууллагаас нь гаргаж байгаа гэнэ. 22 дахь удаагийн Өвлийн Олимпийн тоглолт эхлэхэд бэлэн болоод байгаа энэ үед тэмцээнүүдийг үзэх 1.1 сая ширхэг билетийн 70 гаруй хувийг нь л борлуулаад байгаа талаар мэдээ байна.
Хамгийн хямд тасалбар 500 рубль буюу 17 ам.доллар байгаа аж. Нийт тасалбарын 42 хувь нь 3000 рубль буюу 100 ам. долларт ч хүрэхгүй хямд байгаа гэдгийг зохион байгуулах хорооноос өмнө нь мэдээлж байсан юм. Харин нээлтийн арга хэмжээ өмнөх Олимпийн тоглолтуудаас бага буюу 200 орчим ам. доллараар үнэлэгджээ.АНУ-ын ОХУ-той хамгийн ойрхон зүүн эргийн Вашингтон ДС-ээс Сочи хүртэлх онгоцны зардал 980-4000 ам.долларын үнэтэй байна.
Харин Монголоос аялж байгаа зорчигч үүнээс дутахааргүй буюу дөрвөн сая төгрөгийн зардлыг хоёр талдаа төлөхөөр байгаа юм. ОХУ-ын иргэдийн хувьд ч Сочи орох замын зардал нь бага гэж хэлэхээргүй байна. Сочитой хамгийн ойр хот болох Татарстаны Казаниас нисэх хоёр талын тийз 460 ам. долларын үнэтэй байгаа ажээ. Энэ нь ОХУ-ын иргэдийн сарын дундаж цалин болох 875 ам. долларын тал нь гэсэн үг юм.