Монгол Улсын Төвбанкны “Мөнгөний бодлогын зөвлөл”-ийн хурал энэ долоо хоногт үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. 2013 онд “Мөнгөний бодлогын зөвлөл” гурван удаа хуралдаж, жишиг хүү 12.5 хувь байсныг нийт хоёр нэгж хувиар бууруулж өнөөгийн түвшинд хүргээд байгаа юм.
Бодлогын жишиг хүүг бууруулсан үндэслэл нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үр дүнгээ өгч, инфляци буурч, зорилтот түвшиндээ ойрхон байснаар тайлбарлагдаж байна. Харин зорилго нь зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит сектор, бизнесийн идэвхжилийг дэмжихэд чиглэж байсан гэж “Мөнгөний бодлогын зөвлөл”-өөс тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ бодлогын хүүгийн нөлөөллийг сайжруулах зорилгоор хүүгийн коридорыг нэвтрүүлж, банк хоорондын захын хүүгийн зөрүүг багасгах алхмыг хийсэн байна. Гэхдээ тухайн үед шийдвэр гаргахад гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин тодорхойгүй байсныг харгалзан үзжээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр “Мөнгөний бодлогын зөвлөл”-ийг 2012 онд шинээр байгуулсан бөгөөд энэхүү шинэчлэлийн хүрээнд тус зөвлөл бодлогын саналыг гурван удаагийн хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргадаг болсон байна. “Мөнгөний бодлогын зөвлөл”-ийн хурал энэ долоо хоногт эцсийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм.
Д.Биндэръяа