Хөдөө аж ахуйн бирж арилжаагаа эхлүүлснээс хойш буюу өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд 140 удаагийн арилжаагаар нийт 420 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд арилжсан байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор биржийн арилжааны идэвх суларч, үнийн дүн буураад байсан ч сүүлийн хоёр сард шинэ түүхий эдүүдийг биржээр арилжаалж эхэлсэн нь идэвхийгсэргээж, үнийн дүнг ч багагүй өсгөлөө.
Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн 12 дугаар сараас тосны ургамал, нэгдүгээр сараас ямааны самнасан ноолуурыг шинээр арилжиж эхэлсэн юм. Ямартай ч сүүлийн хоёр сарын арилжааны нийт үнийн дүн 40 тэрбум орчим төгрөгт хүрээд байгаа төдийгүй сүүлийн тайлант сар болох нэгдүгээр сарын арилжааны дүн өмнөх сараасаа гурван тэрбум гаруй төгрөгөөр өссөн байна.
Өнгөрсөн хоёр сарын арилжааны мэдээллээс харвал, нийт үнийн дүнгийн тал орчим хувийг 19.3 тэрбум төгрөгөөр тосны ургамал дангаараа бүрдүүлсэн бөгөөд шинээр арилжаалж эхэлсэн гэдэг утгаараа жишиг үнэ нь ч тогтвортой байгаа аж. Тодруулбал, 12 дугаар сард нийт 14.8 мянган тонн тосны хар болон шар ургамлыг 11.8 тэрбум төгрөгөөр, нэгдүгээр сард 7.5 мянган тонн тосны ургамлыг зургаан тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ. Статистик мэдээллээс харвал өнгөрсөн онд Монгол Улс нийт 42.6 мянган тонн тосны ургамал хурааж авсан бөгөөд энэ нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хүлээлтээс 22.6 мянган тонноор давсан үзүүлэлт болсон байна.