Өвлийн Олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэгт тооцогддог биатлоны спортын уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар өчигдөр боллоо. Цаг агаарын нэн тааламжтай нөхцөлд нийт 87 тамирчин босоо ба хэвтээ буудлага хийж өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Уле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ.
Энэ нь түүний кареертаа хүртэж буй Олимпийн 12 дахь медаль нь болсон төдийгүй энэ амжилтаараа өвлийн Олимпийн түүхэнд хамгийн олон медалийг хүртэж байсан нутаг нэгт Бьорн Дэлигийн амжилттай зэрэгцэн, тэргүүн байрт бичигдэж эхэллээ.
Тэрээр мөн Олимпийн наадмын түүхэнд алтан медаль хүртсэн хамгийн ахмад тамирчин болжээ. Энэ жил 40 настай У.Бьорнаделенийг тийм ч олон хүн түрүүлнэ чинээ бодоогүй байсан байх. Гэвч дэлхийн 19 удаагийн аварга тэрээр өөрийн нэрийн хуудас гэж хэлж болох хурдтай тэшилтээрээ бариаг маш сайн хийж 24:33.5 гэсэн амжилтаар нэгдүгээр байрт бичигдсэн юм.
Тэрээр босоо буудлаганд нэг алдаж, торгуулийн тойрог тойрсон ч энэ нь түүнд садаа болж чадсангүй. Сонирхуулахад тэрээр 1998 онд Наганогийн олимпоос анхны алтан медалиа энэ төрөлдөө авч байжээ. У.Бьорндален ахин нэг медалийг хөөх болон багийн төрлүүдээс авахад бүх цаг үеийн хамгийн амжилттай тамирчин болон түүхэнд бичигдэнэ.
Энэ зайн 2, 3-р байрт хэний ч тооцоонд байгаагүй тамирчид орсон юм. 2009 оны дэлхийн аваргад бөөн гараат уралдаанд түрүүлэн тодорч байсан Австрийн биатлонч Доминик Ландертингер нэг ч сумаа алдалгүй бариалж, лидерээс 1,3 секундээр хоцрон мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Чехийн туршлагатай биатлонч, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ярослав Сукоп хүртжээ.
Энэ жилийн дэлхийн цомын тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Францын Мартин Фуркад хэвтээ буудлагадаа нэг алдаж, 6-р байрт орсон бол 2-р байрт яваа олимпийн хошой аварга Норвегийн Эмил Хегле Свендсен дөнгөж 9-р байрт орсон байна.