“Олон улсын морин хуурын наадам”-ын бүртгэл эхэллээ

bsk4sgl8ikgop13g21t0dg4er“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Олон улсын морин хуурын наадам” билээ. Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралдаан, симпозиум зохион байгуулдаг.

Эдгээр арга хэмжээг сөөлжин явуулдаг бөгөөд 2008, 2012 онд наадам-симпозиум, 2010 онд уралдаан болсон. Өнгөрсөн хугацаанд энэхүү наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, Францын 600 гаруй судлаач, урлаач, хуурч оролцжээ.Монгол түмний соёлын өв морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, хуурдах уламжлалт арга барилыг хадгалах зорилготой наадам энэ удаа хоёр шаттайгаар ирэх дөрөвдүгээр сарын 27-29-нд Улсын филармонид болох юм.

Наадмын бүртгэл эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Наадамд оролцогчдын тоо, насанд хязгаар тавихгүй бөгөөд морин хуур сонирхогчдоос эхлээд мэргэжлийн хөгжимчид ч оролцох боломжтой гэнэ. Оролцохыг хүсэгчид “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн байранд очиж бүртгүүлэхээс гадна j.uugankhuur@gmail.com хаягаар холбоо барьж болох аж.

Дэлхийн морин хуурын холбооноос санаачлан, ССАЖЯ дэмжин зохион байгуулах уралдааны журмын дагуу хуурчид монгол ардын бэсрэг уртын дуу “Шанжуу дээл”, “Тунгалаг тамир”-ыг бүтэн түрлэгээр, баруун монгол ардын татлага “Балчин хээр” болон “Жонон хар”-ыг Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Довчин агсан, Соёлын тэргүүний ажилтан н.Нэргүйн хуурдсанаар тоглох юм. Уралдааны шүүгчээр мэргэжлийн хөгжимчин, багш, удирдаач, судлаач нар ажиллах юм байна.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …