Тендерээр авсан замын ажлаа дамлаж зардаг компаниудтай хариулцлага тооцно

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт болдог “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр “Автозам-2014” сэдвээр болж зам барилгын компанийн удирдлага 100 гаруй хүн оролцлоо.

Автозамчид 2013 онд Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 974 тэрбум төгрөгөөр 1560 км автозам барьжээ. 2012 онд барьж дуусгасан ч улсын комисс хүлээж аваагүй байсан 264 км замыг оруулаад нийт 1824 км зам хүлээж авчээ. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан замын урттай тэнцэх том амжилт юм.

Өнгөрсөн жил 6 аймгийн төвийг нийслэл хоттой холбох зорилт тавьснаас Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замын ажил дуусаагүй. Зарим компани гэрээт ажлаа хугацаанд нь хийж чадаагүйтэй холбоотой.

“Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохын төлөө шахуу хөтөлбөрөөр зүтгэж ажиллана. Засгийн газраас шалтгаалах бүхнийг хариуцлагатай хийнэ. Харин зам барилгын компаниуд гэрээт хугацаандаа ажлаа чанартай гүйцэтгэх учиртай” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.

Солонгосын “Beak Seok”, “Насны зам”, “Ялгуулсан” зэрэг компани гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, техник болон ажиллах хүчин чадлаа муу тооцоолж урт зам авсан, гэрээний хугацаа тулгаж дараагийн компанид ажлаа шилжүүлсэн учраас дээрх гурван аймгийн зам ашиглалтад ороогүй байна.

“Урт зам авдаг, тендерээр авсан ажлаа цааш нь дамлаж зардаг тохиолдол гардаг. Тиймээс ийм компаниудтай хариулцлага тооцно” гэж Ерөнхий сайд анхааруулаад ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

2014 онд Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замын ажлаа гүйцээж, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Нийт 2200 км автозамын ажил хийнэ гэж Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ. Үүнээс Говь-Алтай, Завханы чиглэлд 360 гаруй км замын ажилд тендер зарлаж, гуравдугаар сард багтаан  гүйцэтгэгчийг тодруулах ажээ.

Ганц, хоёрхон компани ажиллаж хүчрэхгүй байсан Дорнод, Өмнөговь, Хөвсгөлийн замд хүч нэмж өнгөрсөн намар шинээр компаниуд оруулсан бөгөөд 10 гаруй компани ажиллаж байгаа юм байна. Замын ажлаа яг хэдийд дуусгаж, хүлээлгэж өгөх хугацааг Ерөнхий сайд хэлэлцүүлгийн үеэр тодрууллаа. Он дамжсан энэ ажлын гүйцэтгэл 30-80 хувьтай байгаа бөгөөд Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замыг 8 дугаар сараас өмнө ашиглалтад оруулж, нийслэл хоттой холбохоо компанийн удирдлагууд амлалаа.

Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил гэрээнийхээ дагуу 10 дугаар сард дуусна гэж компанийн удирдлагууд хэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …