Эрчим хүчний сайдыг Дорнод аймагт очиход аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригт, Засаг дарга С.Ганбат нар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхааө өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулаад эрчим хүчний хүрэлцээ хангамж, цаашид хийх ажлын тухай ярилцаж санал бодлоо солилцлоо. Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн эрчим хүчний гол үүсвэр байрладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбогдоод эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Одоо ажиллаж байгаа 36 мегаваттын хүчин чадалтай ДЦС нь чинээндээ хүртэл ажиллаж байгаа ажээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт-аар өргөтгөх шийдвэр гарчээ. ДЦС-ын өргөтгөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу концессоор шууд гэрээ хийж барьж байгуулахыг энэ тогтоолд дурдсан байна. Иймд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд концессийн гэрээг байгуулсан байх ёстой гэдгийг Эрчим хүчний сайд санууллаа.
Түүнчлэн улсын төсийн хөрөнгөө оруулалтаар энэ жил Тамсаг-Халхголын чиглэлд 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 4,4 тэрбум төгрөгөөр, Чойбалсан хотод 110 квт-ын дэд станцыг 1,8 тэрбум төгрөгөөр тус тус барьж байгуулахаар болсон тухай Эрчим хүчний сайд мэдээллээ. Мөн хил орчмын сумдын импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүнд 2,2 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр болсныг тэр хэллээ. Ингэснээр энэ жил Дорнод аймагт эрчим хүчний системд 100 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Цаашлаад Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 500 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих ТЭЗҮ хийгдэж байгаа бөгөөд ирэх оноос барьж байгуулах ажил эхэлнэ гэлээ.