Шүлхий Хятадаас орж ирээгүй гэх баталгаагүй

 логоСүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин өдрөөс өдөрт хаяагаа тэлж улмаар Хэнтий, Дорноговь аймгийн зарим суманд тархаж аюулын харанга дэлдээд байгаа билээ. Иймээс Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга, хурандаа Д.Намсрайгаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Сүхбаатар аймагт гар­сан малын гоц халдварт шүл­хий өвчний тэлэлт улам нэмэгдсээр байна. Шүлхийн халд­вар илэрсэн газруудад нөхцөл байдал ямар байна вэ?

-Анх Сүхбаатар аймгийн Онгон суманд малын шүлхий өвчин илэрсэн ч Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түв­шинширээ сумдад тархаад байна. Үүнээс гадна зэр­гэл­дээх аймаг болох Хэнтийн нэг, Дорноговийн хоёр су­манд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн.Бид шүлхийн халдва­рыг арилгах тал дээр шаард­­лагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Голомтын бүсэд томилолт, хөдөлгөөнт, устгал, үз­­лэг танадалт, ариутгал халдвар­гүйжүүлэх гэсэн таван баг чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа.

-Нийт хэчнээн мал шүлхийгээр өвчлөөд байна. Хэдийг нь устгалд оруулав?

-Өнөөдрийн байдлаар 479 үхэр өвчилсөн нь тогтоогд­сон. Үүнээс 405-ыг нь устгалаа. Тодруулбал Сүхбаатар ай­магт л гэхэд 434 толгой мал дээрх өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 381-ийг нь, Хэнтий аймгийн Галшарт нэг, Дорноговь айм­гийн Алтанширээ, Дэл­­гэ­рэх суманд 10 үхэр шүл­­хийгээр өвчилсөн байс­ныг уст­галд оруулсан. Ул­маар дээрх газруудад өндөр­жүүл­сэн бэлэн байдал зар­лаж хөл хорио тогтоогоод байна.

-Шүлхий салаа туурай­­тай мал, амьтанд халдвар­ладаг өвчин. Үхрээс өөр малд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн болов уу?

-Үгүй ээ, одоохондоо илрээгүй.  Яах вэ, ганц нэг­хэн зээрийн асуудал яригдаж байна.

-Ингэхэд шүлхийн голом­тод байгаа бүх зээ­рэнд шин­­жилгээ хийх талаар яриг­даж байна. Энэ боломж­той гэж үү?

-Мэдээж боломжгүй. Гэх­дээ шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн зээр байх аваас шууд устгалд оруулах болно.

-Шүлхий өвчний халд­вар хурдацтай тархаж бай­гаагийн шалтгаан нь юу вэ?

-Олон шалтгаан бий. Манай урд хөршид байнга л шүлхий өвчин гарч байдаг. Хятадаас орж ирээгүй гэх баталгаа байхгүй. Мөн малч­дын хариуцлагагүй, хайнга байдлаас болж шүлхийн тар­халт буурахгүй байна.

 -Уучлаарай, яагаад малч­дын хариуцлагагүй, хайнга байдлаас болж байна гэж?

-Манай улсад 2001 оноос хойш шүлхий өв­чин бүртгэгдсэн. Жил бүр улсын төсвөөс мөнгө гар­гаж шүлхийгээр өвчлөх боломж­той бүх мал, амьтанд вакцинжуулалт хий­­дэг. Гэ­тэл зарим малчин энэ­­хүү вакциныг малдаа хийлгээ­гүй­гээс шүлхийн халдвар буу­рахгүй байна.

-Вакцин гэснээс Хэнтий аймагт халдваргүйжүүлэх вакцин хүрэлцэхгүй байгаа гэсэн?

-Бидэнд ч гэсэн вакцин шаардлага хангахгүй, хү­рэлцэхгүй байна гэх мэдээлэл ирж байна.

-Өвчний халдвар буурах­гүй байгаагаас иргэд сум, орон нутгаасаа дайжиж бай­на гэх мэдээлэл ч байна?

-Тийм зүйл байхгүй ээ. Харин бид халдварт өвч­­­ний голомтод шүлхий гарсан айлын хотноос нэг ч хүн гаргахгүй байгаа. Зөвхөн сэжигтэй бүсээс иргэ­­дийг дэс дараатай, хуу­лийн хү­рээнд ариутгал, халд­вар­гүйжүү­лэл­т хийгээд гаргаж байна. Яах вэ, тухайн бодисын хүрэлцээ, ажиллаж байгаа хүмүүсийн чадвар, хурдаас шалтгаалж иргэдийг олноор нь гаргаж чадахгүй байгааг үгүйсгэхгүй.

-Хэд хоногийн өмнө Сүхбаатар аймгаас их хэмжээний мах нийслэлд  оруулж ирэх гэж байгаад баригдсан хэрэг гарсан. Шүлхийгээр өвчил­сөн ма­лын мах нийслэлд орж ирээгүй гэх баталгаа бай­на уу?

-Наадах чинь өөр асуу­дал. Шүлхий амьд мал, амьтанд тусдаг өвчин. Бид шүл­хий өвчин гарахаас өм­нө нядалсан малын махыг шүл­хийтэй гэж үзэхгүй байгаа. Тэгээд ч нийслэл рүү орж ирдэг замуудад хяналт шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж байна.

-Ингэхэд малаа устгалд оруулсан малчдын хохирлыг яаж барагдуулах вэ?

-Хохирлыг төр хариуцна. Тухайн орон нутгийн мал­чин өвчилсөн малдаа акт үйлдэж төлбөрөө авах боломж­той. Гэхдээ 100 хувь авахгүй шүү дээ. Тодорхой хувийг л олгодог гэв.  Албаны хүн ийн ярьж байгаа ч шүлхий өвчнөөр өвчилсөн малын мах нийслэл хотод орж ирээгүй гэх баталгаа байхгүй. Хэдийгээр хууль хяналтынхан өндөр­жүүлсэн бэлэн байдалд ажил­лаж, ард иргэдэд сэрэмж­лүүлэг өгч байгаа ч шүлхий өвчний тархалт өдөр ирэх бүр хаяагаа тэлж аюулын харанга дэлдсээр. Өөрөөр хэлбэл нэг сум суурийн битгий хэл улс үндэстэн цаашилбал тив дэлхийг ч хамрах чадалтай хүн, малын гоц халдварт шүл­хий өвчний тархалт иргэ­дийг түгшээж байна. Иймд хууль хяналтынхан болоод холбогдох газрууд нийслэлийн томоохон за­хуу­­даар худалдаалагдаж байгаа мах, махан бүтээг­дэхүүнд шинжилгээ хийж иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь зүйн хэрэг биз ээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …