“Энержи Ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн 245 км автозамаа Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсний төлбөрт 157.8 тэрбум төгрөг буюу 90.3 сая ам.долларыг хүлээн авсан байна. Энэ талаар Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” буюу “Энержи Ресурс” компаниас мэдээлжээ.
Энэхүү хатуу хучилттай хүнд даацын замыг “Энержи Ресурс”-ын охин компани “Говийн зам” барьсан байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор уг замыг Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж байжээ.
Дашрамд дурдахад “HSBC” банк “Mongolian mining corporation”-ийн хувьцааны үнэлгээг сайжруулснаас гадна шинжээчид хувьцааны ханш нь цаашид өснө гэж таамагласан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын хөрөнгө оруулалтын менежментийн компани “Wellington Management” “Mongolian mining corporation”-ийн 2.6 сая ширхэг хувьцааг худалдан авсан байна.
Д.Амар