Байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг журмаар зохицуулна

indexЗасгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа.

Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас зорчигч тээвэр, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыгхориглож байна. Үүнд:

  • Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр;
  • Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэр.

Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа. Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан “Дүнжингарав-2014 төвийн бүсийн уралдаан, Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн уралдаанууд цуцлагдлаа.

Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол 2014.1.27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрснээс хойш тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Их хэт гэсэн нийт 3 аймгийн 9 сумыг хамраад байна. 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дээрх 3 аймгийн 9 сумын 324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Өвчний голомтод Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 846 хүн, 166 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.

“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам гарлаа

“Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1″ хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болох нэг нөхцөл бүрдлээ.

Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны барилгын ажлыг 2013 оны 4 дүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм.

Ашиглалтад орсон, цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна. Иргэд худалдан авсан байрааашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байхүүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай.

Захиалга өгөх иргэдэд тавьж буй шаардлага, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.
“Оюутан-цэрэг хөтөлбөр” баталлаа

18 нас хүрч байгаа залуусын 30 хувийг л жил тутам хугацаат цэргийн албанд татдаг. Ийм байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн бэлтгэлтэй зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн хомсдож байна. Энэ нь улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж судлаачид үзжээ. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан иргэдийг ажиллуулахаар заасан тул одоо мөрдөж байгаа нөхцөл иргэдийн боломжийг ч хязгаарлаж байна. Иймд цэргийн насны залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг 2 кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамруулж, цэргийн алба хаалгана. “Оюутан-цэрэг хөтөлбөр” хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий “Шархад” дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барина. Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой.

Оюутнуудыг цэргийн ерөнхий болон тусгай бэлтгэл сургалтад хамруулж ,цэргийн алба хаалгах журмыг Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран баталж хэрэгжүүлнэ. “Оюутан-цэрэг хөтөлбөр” хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг батлан хамгаалахын салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх зорилт тусгагдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.

Татварын алданги тооцох хэмжээг тогтоолоо

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүүхураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоолоо. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд татварт алданги тооцох хэмжээг Засгийн газар жил бүр тогтоож байхаар хуульчилсан тул 2014 онд мөрдөх татварын алдангийн хэмжээг ийнхүү шинэчилсэн байна.

Алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны 2013 оны cap бүрийн статистикийн бюллетеньд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэжээ. 2013 оны эхний 12 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 18.48 хувь, сарын 1.54 хувь, хоногийн 0.051 хувь байсан байна.

Цахим тоглоомын газрын ажиллах цагт өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэнөөрчлөлт орууллаа. Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг 9 нас болгон өөрчиллөө.

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ  9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх ба ингэхдээ өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар л тоглуулна.

Байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг журмаар зохицуулна

“Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх,зарцуулах, тайлагнах журам” баталлаа. Журмын хэрэгжилтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Сангийн сайд болон бүх шатны Засаг дарга нар хариуцаж ажиллана.

УИХ-аас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тусгасан.

Өнгөрсөнонд 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 48.5 тэрбум төгрөг төвлөрсөн ч үүнээс байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд дөнгөж 5 хувийг нь л зарцуулсан байна. Байгалийн нөөцийг ашиглахдаа тухайн нөөцийг хамгаалах, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжоор байнга хангахгүй бол дээрх орлогын хэмжээ цаашид багасах болно. Иймд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг эх үүсвэрийг хэвээр хадгалах, зарцуулалт, хяналтын механизмыг нь тодорхойлсон ийм журам гаргажээ.
Товчхон:

  • Варшав хотноо 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийнхэлэлцээрийн протокол”-ыг баталлаа. Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт нэр томьёоны зөрүү үүссэнээс албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэх, онгоцонд суух зэрэгт хүндрэл учрах тохиолдол гарч байсан. Иймд нэр томьёоны зөрүүг арилгах үүднээс хэлэлцээрт өөрчлөлт оруулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …