Улаануудад АПЛ -ээс өөр тэмцээн үлдсэнгүй

Английн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээний 5 -р шатанд Арсэналтай учраа таарсан Ливэрпүүл өнөөдөр Эмирэйтс-д зочлон тоглолоо. 8 хоногийн өмнө АПЛ -т тааран тоглохдоо талбай дээрээ 5:1 харьцаатай бут ниргэсэн Улаанууд харамсалтай нь энэ удаад Буучдыг нутаг дээр нь хожиж чадсангүй, 2:1 -ээр ялагдал хүлээлээ.

Эхний үед Алэкс Окслэйд Чэмбэрлэйн Улаануудын дутуу цэвэрлэсэн бөмбөгийг амжилттай цохин гоолдож, тоглолтын салхийг хагалсан. Харин 2-р үе эхлээд удаагүй байхад тэрээр гоолын дамжуулалтыг Лукаш Подолскид гаргаж өгснөөр тооны харьцаа улам холдсон.

2 гоол хаалгандаа алдсан Улаанууд үлдсэн мөчид идэвхитэй тоглож, тоог тэнцүүлэх гэж нэлээд оролдож байлаа. Улмаар Луис Суарэзийг торгуулийн талбай дотор бөмбөгтэй байх үед 2 дахь гоолын эзэн Подолски унагахад шүүгч пеналти заалаа. Цохилтыг багийн ахлагч Стивэн Жэррард амжилттай болгож, тооны харьцааг ойртууллаа. Тэрээр өмнө нь Эмирэйтс цэнгэлдэхэд гоол оруулж үзээгүй байсан юм.

Тоог ойртуулж чадсан Улаанууд улам ширүүн довтолж байсан бөгөөд үүнээс удалгүй Луис Суарэзийг Окслэйд Чэмбэрлэйн мөн л торгуулийн шугам дотор унагаачихав. Гэвч Ховард Вэбб шүглээ үлээсэнгүй. Үүний өмнөхөн пеналт заасан нь хангалттай гэж үзсэн үү?!! ямартай ч бүх үйлдэл түүний нүдэн дор болж өрнөсөн ч тэрээр 100 %-ийн алдаа гарсан байхад алдаа заасангүй. Үлдсэн мөчид Улаанууд тоог тэнцүүлэх гэж нэлээд оролдсон ч чадсангүй, Буучдын талбай дээр 2:1 харьцаатай хожигдлоо.

Ингэснээр энэ оны ФА Цомын тэмцээнээ өндөрлөж байгаа юм. 5:1 -дүүлсэн хариугаа бага ч болтугай авсан Арсэний хөвгүүд дараагийн шатанд Ливэрпүүл хотын нөгөө баг Эвэртонтой учраа таарсан байна. Арсэналын хувьд 2005 оноос хойш ямар ч цом хүртээгүй байгаа билээ.

ФА Цомоос мултарснаар Ливэрпүүлд АПЛ -ээс өөр тэмцээн үлдээгүй бөгөөд одоо лигийн тун хариуцлагатай, часхийсэн 12 тоглолт хүлээж байна. Улаануудын дараагийн учраа Брэндан Рожэрсийн хуучин баг Суонси Сити байх юм. Тоглолт ирэх Ням гарагт болно.

Б.Бадруул

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …