Баян Айраг Эксплорэйшн компани мэдэгдэл гаргажээ

29b47bd7db31f325big

Мэдэгдэл

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлын үндэс суурь нь Евро бүсийн орнуудын өрийн хямралаас улбаатай бөгөөд Европ тивийн эдийн засгийн эрэлт буурсан нь тус тивийн худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын экспорт, хөрөнгө оруулалт буурахад гарцаагүй нөлөөлсөн томоохон хүчин зүйлүүдийн нэг юм. Харин БНХАУ-ын эрэлт буурсан, уул уурхайн зарим бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарах, ялангуяа уул уурхайн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлсөөр ирлээ.

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл хумигдаж, хөрөнгө оруулалт эрс буурсаар байна. Энэхүү нөхцөл байдал зөвхөн Монгол улсад ч биш уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад зэрэг орнуудыг ч хамарсаар, томоохон ордууд үйл ажиллагаагаа зогсоож олон мянган уурхайчид ажилгүйдлийн энгээнд шилжиж буй харамсалтай мэдээг олон улсын мэдээллийн агентлагууд цацсаар байгаа. Эрдэс баялгийн арвин нөөцтэй манай орны хувьд ч гэсэн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон улс орны хувьд томоохонд тооцогдох дотоодын олборлох, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хумих, зогсоох хүртэл арга хэмжээ авч байна.

Энэхүү нөхцөл байдал Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийг тойрон гарсангүй. Баян Айраг Эксплорэйшн ХХК нь 2002 үүсгэн байгуулагдсанаас хойш ашигт малтмалын хайгуулыг Улаанбаатар хотоос 1200 км-ээр алслагдсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт амжилттай гүйцэтгэж, улмаар олборлолтын бэлтгэл ажлыг ханган, уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү амжилтад хүрэхэд манай компанийн нийт ажилтнуудын оюун ухаан, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэг, хичээл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэхүү амжилтын хажуугаар гадаад орчны таагүй нөлөөлөл, уул уурхайн салбарт тулгамдаж буй санхүү, эдийн засгийн хүндрэл, хууль эрх зүйн зохицуулалтаас үүдэлтэй хүндрэлүүд зэрэг бидний хүсэл зоригоос гадуур үүссэн хүчин зүйлсийн улмаас компанийн зүгээс үйл ажиллагааны зарим хэсэг, уулын ажлыг тодорхой бус хугацаагаар түр зогсоож, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулан, ажилтны тоог цөөрүүлэх амаргүй шийдвэрийг гаргаад байна.

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь бүтэц, зохион байгуулалт, орон тооны өөрчлөлтийг зохих хууль журмын дагуу гүйцэтгэж зохион байгуулахыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Компанийн зүгээс төслийг цаашид авч үлдэх, улмаар үйл ажиллагаа бүрэн зогсох эрсдлээс сэргийлэхийн тулд цаашид бүхий л бололцоотой зүйлийг авч хэрэгжүүлэх болно.

Баян Айраг Эксплорэйшн ХХК

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …