Хуруу шилний хүүхдүүдийн “загалмайлсан эцэг”

  “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор  Энэрэл дээд сургуулийн захирал, доктор  Д.Дорж гуайг урилаа. Ийнхүү урих болсон шалтгаан маань түүний эгэл бус нээлтүүд,  сонирхолтой  түүх, намтартай  холбоотой. Өдгөө  нас сүүдэр 70 гарсан ч Д.Дорж гуай шавь нартаа зааж зөвлөх юм ихтэй, сургууль гэр хоёрын хооронд тун ч завгүй явдаг ажээ.  Ийнхүү оршил үгээ өндөрлөж, анагаах ухааны салбарт хагас зуун жил зүтгэж яваа эрхмийн  тухай чих сортойлгом сонин түүх намтараас  уншигч танаа толилуулъя.

Доктор Д.Дорж гэж хэн бэ?

        Сэтгүүлчид ярилцлага сурвалжлага хийх явцдаа   төрөл  бүрийн ажил мэргэжил, янз бүрийн ааш араншинтай гол баатруудтай нүүр тулдаг. Мэргэжлээ хэрхэн  сонгосноос эхлээд   асуулт ундрах жишээтэй. “Амьдралын тойрог”-ийн зочин маань эмч, багш хүн. Геннисийн номд ороогүй  л  болохоос зургаан зүйлээр монголдоо төдийгүй дэлхийд  анхдагч байхаар санал, санаачилга гаргаж, түүнийгээ  хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, бүтээж  ирсэн нэгэн.  Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах, үрийн донорын асуудал, флюороз  өвчин  яс болон шүдний хэлбэрээр байгааг илрүүлсэн, эмнэлгийн газар зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, анагаах ухаанд эрэлттэй мэргэжил  сувилахуйн чиглэлээр  анхны хувийн хэвшлийн сургууль байгуулсан, ач хүүгээ дасгалжуулж Монголоос анх удаа 100 буудалт даамын дэлхийн аваргыг төрүүлсэн гээд  түүний амжилтын хуудас  сонирхолтойн дээр баялаг түүхтэй.  Түүний зорьсондоо хүрдэг зүтгэлтэй хүн болохыг  бүр анх аравдугаар ангийн сурагч байхад нь ангийнх нь багш Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Маам агсан  “Д.Дорж хийе гэснээ хийж, хэлсэндээ заавал хүрдэг” хэмээн тодорхойлж байжээ.

        Д.Дорж гуай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Айлын өргөмөл хүү. Төрүүлсэн аав ээж нь ч, өргөсөн тал нь ч жирийн малчин хүмүүс. Төрсөн аав Балдангаараа биш өргөж авсан аав Дэчингээрээ овоглож ирсэн бол сүүлийн үед “Энэрэл”-ийн, “Хуруу шил”-ний гэхчлэн байгуулсан сургууль, санаачилсан ажлаараа овоглуулах болжээ. Түүнтэй уулзахад хамгийн эхэнд аман дээр гарч ирсэн нь  “Та яагаад эмч  мэргэжлийг сонгосон  юм бэ” гэсэн асуулт. Д.Дорж гуайг дөрөвхөн настай байхад өргөж авсан ээж нь бурхан болжээ. Өвөө нь, аав нь, ах дүү хамаатан садангийн олон хүн  гаднаас  “Тэвэрсээр байгаад яаж ч чадалгүй  алдчихлаа даа” хэмээн нулимс дуслуулан орж ирэхэд хүү эхлээд гайхжээ. “Ийм олон чадалтай том хүн ээжийг минь аварч чадалгүй үхүүлчихлээ гэж үү” гэсэн бодол тэрхэн зуур  толгойд нь   эргэлдэж байж. Хожим өвчин гэдэг тийм аюултай болохыг ойлгож,  хүний амийг авардаг эмч болохоор   эргэлт буцалтгүй шулууджээ. Ингээд 1959 оны хавар  аймгийнхаа  арван жилийн дунд сургуулийг дүүргэж Анагаах ухааны дээд сургууль /АУДэС/-ийн эмчилгээний ангид элсэн суралцжээ. Оюутан байхдаа  мэс заслын эмч нарыг даган орой болгон жижүүр хийж,  сайн дурын туслах нь болж ойр зуурын хагалгаа, мухар олгой авах зэрэгт  бол гаргуун болоод төгссөн гэдэг.

Эрхтэн шилжүүлэх ажлыг  эхэлж сэдсэн, хийсэн хүн  Дорноговийн Дорж

Түүний тухай ийм гарчигтай нийтлэлийг Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор А.Өлзийхутаг гуай бичсэн нь бий.  Тухайн үед  Д.Дорж гуай АУДэС-ийн эмчилгээний ангийг төгссөн залуухан  эмч Дорнод аймагт ажиллах хүсэлтэй байсан ч Дорноговь аймгийн Хар-Айраг суманд хуваарилагджээ. Тэр үед эмч хүрэлцээгүй байснаас  Айргаас гадна Даланжаргалан, Сүмбэр, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт зэрэг  таван сумыг хариуцаж байсан гэдэг. Жалгын  нэг тарсан хөдөөгийн малчны хотыг хэсч дуудлагад их явна. Эмч сувилагч цөөн, хатиг буглаа хагалах, мухар олгой авахуулах, ивэрхий зэрэг хагалгааг сумын эмнэлэгт хийдэггүй байсан учраас аймаг хүртэл 200-гаад км газар давхиулахаас аргагүй.  Гэтэл оюутан байхын сурч мэдсэн, гарт орсон ажил учраас  хүмүүсийг цаг алдуулж явдал чирэгдэл болгомооргүй. Ингээд нэг сувилагчаа мэс заслын сувилагчийн курст явуулж, Оросын цэргийн эмнэлгээс мэс заслын ор, хээрийн нөхцөлд ажиллах ойр зуурын багаж төхөөрөмж худалдаж авснаар мухар олгой авах хагалгааг сумын эмнэлэгт анх удаа амжилттай хийжээ. Гэвч, аймгийн эмнэлэг байсаар байтал суманд хагалгаа хийсэн “хэрэгт” арай ч буруутгагдсангүй. Аз болоход мэс заслын эмч болъё гэсэн хүсэлтээ Эрүүлийг хамгаалах яаманд илгээсэн байсан нь тус болж Сайн-Шанд хотын АУДуС-д мэс заслын багшаар ажиллахаар томилогджээ. Ийнхүү мэс заслын эмч болоогүй ч  тун удалгүй  шавь нараа удирдан 1974 онд  нохойн цээж, бөгсийг салган  нөгөө нохойд залгаж, мөн нохойд  бөөр шилжүүлэн суулгаж, зүрх тусгаарлан ажиллуулах туршилт хийж  хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан түүхтэй. Тэр нь өнөөдөр манай улсад хөгжиж эхэлж байгаа хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны эхлэл болжээ. Энэ чиглэлд  АНУ-ын Кристиан Барнард гэдэг хүн  1967 онд зүрх  шилжүүлж шуугиан тарьж байсан бол 1970-аад онд ЗХУ-ын эрдэмтэн Владимир Федоровчи Демихов амьтан дээр туршилт хийж байжээ.  Д.Дорж докторын туршилтаас 30 гаруй жилийн дараа буюу 2006 оноос манай улс   Хятад, Солонгостой хамтран элэг, бөөр шилжүүлэх хагалгаа хийсэн бөгөөд өнгөрсөн намраас  нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж суурилуулаад байна…үргэлжлэлийг энд дарж уншина уу!

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …